Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Тэтгэвэр нэмэх асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа "Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай төсөл дэмжигдлээ.
Нийгмийн Даатгалын Сан(НДС)-гаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Үүнд 449.2 мянган тэтгэвэр авагч хамрагдах бөгөөд 449.3 тэрбум төгрөг зарцуулна. Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно.
Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Халамжийн тэтгэврийн тухайд НДС-гаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ.
16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд бий. Энэхүү тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375,000 төгрөг болно" хэмээн мэдээллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!