Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эрх баригчид Алексей Навальныйг нууцаар оршуулах гэж байгааг ээж нь мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн өмнө шоронд нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн ээж эрх баригчид хүүгийнх нь шарилыг нууцаар оршуулахаар төлөвлөж буйг өчигдөр мэдээлжээ.

“Тэд салах ёс гүйцэтгүүлэлгүйгээр нууцаар оршуулахыг хүсэж байна. Тэд намайг шинэхэн булшин дээр аваачаад таны хүү энд нойрсож байгаа гэж хэлэх юм гэнэ. Би үүнийг зөвшөөрөхгүй” гэж Людмила Навальная видео мэдэгдэлдээ ярьсан байна.

Тэрбээр Лхагва гарагийн орой эмнэлэгт хүүгийнхээ шарилыг анх удаа харж, нас барсныг батлах гэрчилгээг хүлээж авчээ.

Гэрчилгээн дээр нь үхлийн шалтгааныг “жам ёсны” гэж тодорхойлсон байсан гэнэ.

“Хуулийн дагуу тэд Алексейн шарилыг надад шууд өгөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Харин тэд хаана, хэзээ оршуулах талаар болзол тавьж, намайг дарамталж байна. Энэ бол хууль бус юм” гэж Людмила Навальная ярьжээ.

Тэрбээр цааш нь “Тэд намайг сүрдүүлж эхэлсэн тул би энэ бичлэгийг хийлээ. Тэд миний нүд рүү харж байгаад нууцаар оршуулахыг зөвшөөрөхгүй бол хүүгийн чинь цогцост ямар нэг зүйл хийнэ гэж хэлсэн. Тэд цаг хугацаа өнгөрөх тусам шарил муудахыг анхааруулсан. Надад тусгай нөхцөл хэрэггүй. Бүх зүйлийг зүгээр л хуулийн дагуу байлгахыг би хүсэж байна” гэж ярьсан юм.

зураг
 

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден талийгаачийн бэлэвсэн гэргий, охин хоёртой Сан-Франциско хотод хувийн шугамаар уулзжээ.

Юлия, Даша Навальная нартай уулзсаныхаа дараа Байден талийгаачийн эр зоригийг магтаж, гэргий, охин хоёр нь түүний үйл хэргийг үргэлжлүүлэх итгэл төгс байгааг хэлсэн байна.

Тэр бас “Навальныйн үхэлд буруутай Оросын эрх баригчдын эсрэг” хориг арга хэмжээг Баасан гарагт зарлахаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP