Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бат-Ялалт: Улс төрийн намууд хамтарч сонгуулийн хуулийн талаар гомдол гаргана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улс төрийн намуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

Тодруулбал Монголын Хүний Төлөө Нам (МХТН)-ын дарга Х.Бат-Ялалт, Бүгд Найрамдах Нам (БНН)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо, Хөгжлийн Хөтөлбөр Нам (ХХН)-ын дарга О.Заяа, Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Намын дарга Т.Оюунаа, Ард Түмний Олонхын Засаглал Нам (АТОЗН)-ын дарга А.Батдорж нар хамтарсан мэдээлэл хийсэн юм.

Энэ талаар МХТН-ын дарга Х.Бат-Ялалт "Б.Батбаатар даргын санаачилснаар улс төрийн намууд нэг бус удаа уулзалт зохион байгуулсан. Ингээд хамтарсан мэдээлэл хийх нь зөв гэж шийдсэн тул гол гурван асуудлаар сэтгүүлчид та бүхэнд хандлаа.

Эхнийх нь, энэ удаагийн сонгууль шударга бус болох нь илт байна. Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас улс төрийн намуудад хандаж сонгуульд зарцуулах мөнгөн дүнгийн дээд хэмжээний талаар саналаа ирүүлнэ үү гэсэн бичиг ирсэн.

Энэ бол монгол хүнийг хөрөнгөөр нь ялгаварлахгүй гэсэн Үндсэн Хууль зөрчиж байгаа явдал. Дөрвөн аймгийн нутаг дэвсгэр дээр сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг тогтоолоо гэхэд шударга өрсөлдөх боломж хаагдана.

Намууд хамтарч сонгуулийн хуультай холбоотойгоор Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандаж гомдол гаргахаар ажлын хэсэг байгуулж буй.

Сонгуулийн тойрог хуваарилалт дээр ч асуудал байна. Жишээлбэл Баян-Өлгий аймагт дангаараа 17 хоног сурталчилгаа явуулах байтал хажууд нь байгаа дөрвөн аймгийн 80 орчим сум нэг тойрог болоод мөн л 17 хоног сурталчилгаа хийнэ. Энэ шударга ёсонд нийцэх үү, иймэрхүү тус хуультай холбоотой асуудал элбэг байгаа тул улс төрийн намууд хамтарсан гомдол гаргах юм" гэж ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо "Жил бүрийн сонгуульд зарцуулах мөнгөн дүн өсдөг. Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 2-т зааснаар тойрогт зарцуулах мөнгөн дүнг үндэсний аудитын газрын саналаар Сонгуулийн Ерөнхий Хороо батална. Ингэхдээ зардлыг бууруулахад чиглэнэ гэж заасан байдаг.

Уг нь улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр намууд хамтарсан санал өгсөн. Гэвч бидний саналыг огт хэлэлцээгүй.

Эрх барьж буй нам сандал суудалтайгаа зууралдахын тулд хэт улайрч байна. Үүнээс гарах хор уршгийг Монгол Ардын Нам хариуцна шүү гэдгийг хатуу анхааруулъя" гэсэн юм. 

Мөн хэвлэлийн бага хурлын төгсгөлд Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүдийг нэгдэж хамтрахыг уриалав.