Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилан сэргийлэх Хэлтсийн зохицуулагч ахлах дэслэгч н.Тэлмэн жолооч нарт дараах зөвлөгөөг өглөө.
Тэрбээр "Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орох мэдээтэй байна. Иймд жолоочид орон нутгийн замд гарахдаа тухайн замд цас хэр их орж байгаа талаар цаг агаарын мэдээллийг урьдчилж харсан байх хэрэгтэй.
Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж дулаан хувцас авч явах шаардлагатай байна. Иргэд орон нутгийн замд гарахаасаа өмнө цагаа тооцоолоогүйгээс осол ихээр гардаг.
Хүний идэвхтэй байх хугацаа найман цаг байдаг. Жолооч найман цаг ажиллачхаад шууд орон нутгийн замд гарахад самбаачлах хурд нь алдагддаг.
Жолооч аливаа саадыг хараад самбаачлах хурд 0.8 секунд байдаг бол ядарсан үед энэ нь 2 секунд болох жишээтэй" гэв.
Тээврийн цагдаагийн албанаас цас, халтиргаа гулгаатай хэсгүүдийг тухайн зам арчлалт хариуцсан байгууллагуудаар цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!