Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

OpenAI хэрэглэгчдэдээ үүсгэсэн чатботоо зарах боломж олгох GPT Store дэлгүүр нээлээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологийн тэргүүлэгч компаниудын нэг OpenAI өчигдөр ChatGPT платформын төлбөртэй хэрэглэгчдэдээ зориулсан GPT Store онлайн дэлгүүрийг нээжээ.

Энд хүмүүс OpenAI компанийн хөгжүүлсэн хэлний загварыг ашиглан үүсгэсэн өөрийн тусгай зориулалтын чатботыг зарах боломжтой юм байна.

Өмнө нь ChatGPT Plus төлбөртэй ангиллын хэрэглэгчид өөрийн чатботыг үүсгэх боломжтой болоод байсан бол одоо үүнийгээ мөнгө болгох боломж нээгдэж байгаа нь энэ юм.

Тухайлбал тус платформын хэрэглэгчид гэрээ хэлцэл байгуулах, хичээл сургалтын төлөвлөгөө боловсруулах, хоолны жор үүсгэх зэрэг янз бүрийн тусгайлсан чиглэлээр хүмүүст туслах өөрийн чатботыг хөгжүүлэх боломжтой болоод байгаа.

GPT Store дэлгүүрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зах зээлд танилцуулахаар төлөвлөж байсан ч OpenAI компанийн удирдах зөвлөл гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг огцруулсантай холбоотой дуулианы улмаас хойшилж байжээ.

Долоо хоног үргэлжилсэн үймээний эцэст Олтмэн албан тушаалдаа буцаж томилогдсон юм.

OpenAI компани generative AI технологийн ChatGPT платформоо 2022 оны арваннэгдүгээр сард зах зээлд нэвтрүүлээд нэг сарын дотор 100 сая орчим хэрэглэгчтэй болж байв.

 

Эх сурвалж: The Guardian