Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд "Бодь интернэшнл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой сэдэвт гэрчээр оролцож байгаа юм.
Монгол Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан гэж шинжээчид дүгнэж байгаа. Энэ талаар тэрбээр өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Нүүрсэн дээр буруу зөрүү ойлголт их явж байна. Нүүрсний бизнес их хэцүү бизнес. Маш их санхүүгийн нөөцтэй, машинтай, жолоочтой, талбайтай байх хэрэгтэй. Бас урагшаа хэлхээ холбоотой байх хэрэгтэй юм байна лээ.
Хянан шалгагч нар 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр Монгол Улсын хилээр гарсан гэх дүгнэлт өгсөн байсан. Сүүлийн үед Цагаан хаднаас нүүрсийг зүгээр бүртгэж гаргадаг болсон. Терминал дээр очиж, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд цаашаа гарч байгаа. Тэр бүртгэл нь байхгүй учраас Цагаан хаднаас хөдөлсөн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр гарсан мэтээр ойлгож байсан. Тэр нь буруу байх.
Бас нэг зүйлийг цохож хэлмээр байна.
Биднийг 2020 онд төмөр зам барьж байхад Өмнөговь аймагт орон нутгийн сонгууль болсон.
Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын орон нутгийн сонгууль нь юун та нарын УИХ-ын сонгууль. Тэнд Монгол Ардын Нам(МАН), Ардчилсан Нам(АН), бие даагч бүгд оролцдог. Бүгд нэгнийгээ матна. Жаахан л юм болонгуут цагдаа сэргийлэх, Авлигатай Тэмцэх Газар(АТГ) гээд явчихна. Тэнд жинхэнэ утгаараа ард түмний хяналт байж байна. Тэгж тэгж Цогтцэций сум өнгөрсөн онд л Засаг даргаа тавьсан, Ханбогд бас адилхан. Тийм нөхцөлд нүүрс хулгайлна гэдэгт итгэхгүй байна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
|