2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулаад автобус нийлүүлэх ажил эхэлнэ хэмээн түгжрэлийн асуудал хариуцсан сайд мэдээлж байв.
Хэлсэн ёсоор шинээр автобус худалдан авах гэрээ хугацаандаа байгуулагдаж байгаа эсэх талаар Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газраас/НХААГ/ тодрууллаа.
-Автобус худалдан авах гэрээг өнөөдөр хийнэ гэж байсан. Гэрээ байгуулах ажлын явц ямар шатанд байгаа бол?
- Тендерт оролцсон компаниудаас гомдол гаргах хуулийн хугацаа дуусаж, худалдан авах ажиллагааны газраас үнэлгээ хийгдэн дараагийн шат буюу Нийтийн Тээврийн Газарт/НТГ/ гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн.
Нийтийн Тээврийн Газар өнөөдөр автобус худалдан авах гэрээг байгуулж байгаа байх.
- Автобус нийлүүлэх тендерт оролцсон ААН-үүдээс Сангийн яаманд гомдол ирсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар танай газарт мэдэгдсэн үү?
- Тендерт оролцсон компаниудын гомдол гаргах тав хоногийн хугацаа дууссан.
Сангийн яамнаас автобус нийлүүлэх тендерт оролцсон компаниудаас гомдол ирсэн, түдгэлзүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр бидэнд албан ёсоор ирээгүй. Тиймээс автобус худалдан авах гэрээг байгуулах зөвлөмжийг НТГ-т өгсөн.
Хотын дарга Х.Нямбаатар "НЗДТГ-аас автобус худалдан авах гэрээгээ өнөөдөр/2023.12.11/ хийж, урьдчилгаа мөнгөө шилжүүлнэ.
НТГ-ын газрын дарга болон Хотын орлогч автобуснуудыг байрлуулах бааз, ажиллах хүний нөөц, явах маршрутаа гаргана. 300 орчим цахилгаан автобус, 284 улаан автобусыг тус тусад нь баазад байлгана. Энэ онд 300, ирэх онд 300 автобус авна.
Нэгдүгээр сарын 1-28-ны хооронд бүх автобусаа нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцуулж, түгжрэлд зогсдог иргэдийн тоог багасгах бодлого баримтална" хэмээн хэллээ.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар том оврын автобус нийлүүлэх тендерийг зохион байгуулж, таван ААН материалаа ирүүлсэн. Эдгээрээс БНХАУ-ын "Yutong Bus" компанийн 165 тэрбум 589 сая 920 мянган төгрөгөөр 600 автобусыг нийлүүлэхээр тендерт тэнцсэн. Дөрвөн оролцогчийн материал тавьж буй техникийн шаардлагад нийцээгүй болохыг мэдээлж байв.
Дараах үзүүлэлт бүхий автобусыг худалдан авах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!