Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын түүхэнд гарсан хамгийн том авлигын асуудалд дунд шатны удирдлагууд ял авбал нүүрсний сонсгол хийх шаардлагагүй"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд сонсгол явуулах үед баримтлах зарчмын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Парламентын хянан шалгалтын механизм үр дүнтэй гэдгийг Хөгжлийн Банкны сонсголын үеэр маш сайн ойлгосон. Энэ удаагийн нүүрсний сонсгол явуулах түр хороо их учиртай. Өмнөх түр хороо нь байгуулагдаад тодорхой шалтгааны улмаас унасан. 18 сарын дараа дахин энэ ажлыг хийх байгаа учраас маш сайн хийх нь зүйтэй. 

Үүнд нэг л асуудал байгаа. Хөгжлийн Банкны хулгайг нотлох баримтын хүрээнд гаргаж ирээд байхад тус банкны дунд шатны удирдлагуудад хариуцлага тооцсон. Дунджаар 2-3 жилийн ял оноосон ч давж заалдах шатны шүүх дээр процесс үргэлжилж байна. 

Нэг ч улс төрч, сайд дарга нар байхгүй. Иргэдийнхээ өмнө мэдээллүүдийг нээлттэй гаргаад тавьсан ч хуулийн байгууллага дээрээ очихоор замхардаг. Хууль шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрх байхгүй ч хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн. 

Хөгжлийн Банкны жишгээр нүүрсний сонсгол хийгдсэн ч хариуцлага хүлээдэг этгээдүүд байхгүй тохиолдолд яах билээ. Тиймээс ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд хуулийн өмнө хариуцлага хүлээх механизмыг хараат бус, бие даасан байдлаар хийж өгөх хэрэгтэй. 

Монголын түүхэнд хамгийн том дүнтэй авлигын асуудал яригдаж байхад шүүхийн өмнө очоод компанийн дунд шатны удирдлагууд нь ял авбал нүүрсний сонсгол хийсний шаардлага байхгүй, иргэд ч гэсэн итгэл алдана. 

Хөгжлийн Банк хэрэг 1.8 их наяд төгрөг байсан. Харин нүүрс бол худалдан авалт, үнийн дүн, хамрагдалт зэрэг маш нүсэр ажил байгаа. Тиймээс мэргэжилтнүүд, шинжээчдийг нэмэх хэрэгтэй. Гэхдээ шинжээчдийнхээ мэдээллийг уялдуулаад явах хэрэгтэй байна. Энэ хэсэгт ийм хэмжээний хулгай гарсан, оролцсон албан тушаалтнуудыг нэр устай нь зарлаад явахгүй бол үр дүнд хүрэхгүй.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирал Б.Ганхуяг болон шийдвэр гаргасан бүх дарга нарыг сонсголд оролцуулах хэрэгтэй. Гадагшаа зугтсан, эрх барьж байгаа гэх мэт бүгдийг нь цуглуулаад ярьсны дараа дахиж хулгай хийж болохгүй гэсэн ойлголтыг төрүүлнэ. Ингэснээр том хулгайн хэрэг дарагдана. Гол нь хариуцлага хүлээлгэх тал дээр анхаарах хэрэгтэй байна" хэмээн ярилаа.