Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сүхбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухайгаа өнөөдөр нийтэд хандаж мэдэгдэл хийлээ.

Энэ талаар тэрбээр "Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан.

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухайгаа тайлбарлаж, мэдээлэл өгсөн.

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулга нь юу гэвэл улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.

Анх сайдаар томилогдоод ажиллаж байхад Ерөнхий сайд "Ёс зүйн өндөрлөг дээр МАН, тэр тусмаа Засгийн газрын гишүүд байх ёстой"-г бидэнд удаа дараа хэлж байсан. Энэ зарчмыг баримталж байна.

Өнгөрсөн зун авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлуулсан. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Аливаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудал яригдахаар улстөрч хүн нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хүлээгээд явах ёстой.

Надад эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй. 2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудлууд гарсан.

Миний хувьд автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан" хэмээн хэллээ.

Үргэлжлүүлэн "УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд тал талаас асуудлаа ярилаа. Улаанбаатар хотод 30 гаруй жилийн хугацаанд шийдэгдээгүй хуримтлагджээ. Тодорхой асуудлуудыг үндсэн углуургаар нь шийдэхгүй орхисон байна. Энэ асуудлуудыг эрх барьж буй нам орж ажиллахаас өөр аргагүй.

Нэг жил ажиллахдаа миний хувьд төлөвлөгөө гаргасан, бас хуримтлагдсан асуудал байна. Намайг орж ирэхэд олон ажлыг зэрэг эхлүүлсэн, эрэмбэ тодорхой биш байсан.

Харин одоо түгжрэл, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлого одоо тодорхой болсон. нэгдүгээрт нийтийн тээврийн асуудал.

Холбоос зам, замын хөдөлгөөн зохицуулалт, хууль зүйн орчин, соён гэгээрэл, хот хөдөөгийн сэргэлт гэсэн таван чиглэлд Засгийн газрын бодлого тодорхой болсон байгаа"-г хэлэв.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ан ажиллаж байсан бол 2022 онд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, 2022 онд Ж.Сүхбаатар ажиллаж эхэлжээ.