Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, урьдчилсан хэлэлцүүлэг завсарлав

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 11 хүний эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үдээс хойших урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. 

Өглөөний хэлэлцүүлэгт яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг Ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзаж буй хүсэлтээ өгсөн. Ерөнхий шүүгч Б.Халиун Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөр Б.Ганхуягийн хүсэлтийг хэлэлцүүлэхээр болж, урьдчилсан хэлэлцүүлгийг түр завсарлуулаад байв. 

15:00 цагийн үед тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж, Ерөнхий шүүгч Б.Халиун шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг танилцуулав. 

Тэрбээр" Зөвлөгөөнд нийт долоон шүүгч оролцсон. Хуульд заасны дагуу миний бие саналын эрхгүй оролцож, гомдлыг танилцуулсан. Зөвлөгөөний тогтоолоор Б.Ганхуягийн Ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн" хэмээн танилцуулав. 

Үүний дараа яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг дахин хүсэлт гаргав. 

Тэрбээр "Би улсынхаа шүүх засаглалын хараат бус байдлыг ярьж байгаа юм. Гуравхан зүйлийг хүсэж байна. Гэхдээ миний хүсэлтийг битгий яллаарай. Тиймээс би Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзаж байна. 

Нэгдүгээрт АТГ-аас бичиг авах хэрэгтэй. Ерөнхий шүүгч барьцаалагдаагүй гэдгийг хэн нотлох юм. АТГ-аас барьцаалагдаагүй гэсэн бичиг ирсний дараа би итгэх болно. Нөгөө талаар ерөнхий шүүгч Б.Халиун, 11 хүнийг улс төрийн золиос болгочихлоо. 

Хоёрдугаарт наймдугаар сарын 8-нд Ерөнхий шүүгч байгаагүй гэдгээ хэлсэн. Хүний эрхийг битгий эчнээгээр зөрчөөрэй. Намайг гадаа гаргаж үг хэлүүлэхгүй байна. Нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлүүд гадаа байгаа.

Иргэний хөдөлгөөн, жагсаал хэнээс санхүүждэгийг би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Би 2007 оноос хойш Тавантолгой ХК-д ажиллаж байна. Над шиг нүүрсийг сайн мэддэг хүн байхгүй. 

Гуравдугаарт наймдугаар сарын 1-нд энэ хэргийг авахад Б.Халиун шүүгч таарсан гэдгийг нотлох хэрэгтэй. Над руу бүх хүн дайрсан. Яагаад намайг есөн сар хорьж байгаа юм. Тиймээс Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна" хэмээн ярив. 

Харин Прокурорын зүгээс "Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос шилжүүлэхэд Б.Халиун шүүгчид хуваарилагдсан. Яллагдагч Б.Ганхуягийн зүгээс АТГ-т шалгагдаж байсан эсэхийг баримт гаргахыг шаардаж байна. Б.Ганхуягийн нийт шүүгчдээс татгалзаж буй хүсэлт нь үндэслэлгүй байна" хэмээн дүгнэлтээ танилцуулав. 

Үүний дараа Ерөнхий шүүгч Б.Халиун Б.Ганхуягийн нийт шүүгчдээс татгалзсан хүсэлтэд тайлбар өгөв. 

Тэрбээр "Б.Ганхуягийн Ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлтийг нийт долоон шүүгч хүлээн авахдаа татгалзсан. Тиймээс Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтээ гаргалаа. 

Ямар нэг байдлаар нийт шүүгчдээс татгалзах буюу шүүхийн системээс татгалзах үндэслэл танд байхгүй. Гэхдээ таны гаргасан хүсэлтээс татгалзах эрхгүй надад байхгүй учраас нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хуульд заасны дагуу танилцуулж, татгалзлыг шийдвэрлүүлнэ. Ерөнхий шүүгч болон нийт шүүгчдээс татгалзсан учир одоо ямар нэгэн шийдвэр гарахгүй. 

Миний зүгээс АТГ-т шалгагдаж байгаа асуудал байхгүй. Ямар нэгэн байдлаар албан тушаалын байдлаар лавлагаа авах боломжгүй. Тиймээс Б.Ганхуягийн татгалзлыг шүүх зөвлөгөөнөөр шийдвэрлүүлсний шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг товлох болно" хэмээн ярилаа.