ОХУ-ын Засгийн газраас зохион байгуулдаг Дорнын Эдийн Засгийн Чуулга уулзалт Владивосток хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус уулзалтын хүрээнд Монголын оюутан залуусыг металлургийн болон инженерийн мэргэжил эзэмшүүлэхэд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт хоёр улсын төлөөллүүд гарын үсэг зурсан талаар Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Ингэснээр манай улсын оюутан залуус ОХУ-ын Красноярск хотод байрлах Сибирийн холбооны их сургуульд металлургийн чиглэлээр мэргэжил эзэмших боломжтой болжээ.
Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Батбаяр, хөнгөн цагааны олборлогч Русал компанийн Дэд ерөнхийлөгч Е.С.Безденежных, Сибирийн холбооны их сургуулийн Ерөнхийлөгч А.Усс нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!