ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс анх удаа шилэн кабелыг усан доогуур амжилттай суурилуулж, Жанхайн даваа орчимд өндөр хурдны интернэттэй болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа аж. 

Тус төслийн хүрээнд FM радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн үеийн дохиог хүлээн авах, дамжуулах станцыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгонд суурилуулж 650 гаруй өрхөд хүлээлгэн өгсөн байна. Энэхүү төслөөр манай улсад анх удаа шилэн кабелыг далайгаар буюу усан доогуур амжилттай суурилуулжээ. 

Төслийн ерөнхий санхүүжүүлэгчээр Япон Улсын “KDDI сан”, бүтээгдэхүүн нийлүүлэгчээр Япон Улсын “Өү Си Си” компани, гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газар, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ ажилласан байна. 

Далайн шилэн кабелыг Хөвсгөл нуурын аялал жуулчлал, байгалийн цогцолборт газрын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуу суурилуулан, аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээтэй болжээ. 

FМ радиогийн үндсэн сигналыг дамжуулах сүлжээг байгуулахдаа хосолмол буюу цахилгааны болон интернэтийн урсгалыг нэгэн зэрэг дамжуулах шилэн кабелыг ашигласан байна.

Энэ нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй алслагдсан бүс нутаг дахь байгууламж, цамхаг, сайт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цахилгааны болон интернэтийн дэд бүтцэд нэгэн зэрэг холбох, системийн ашиглалт, засвар үйлчилгээг зайнаас явуулах, гамшгийн болон онцгой байдлын үед сүлжээг шуурхай сэргээнэ хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэв.