• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунболд: Уран бүтээлч, өв урлаачдыг эх орондоо үлдээе

ikon.mn
2023 оны 9 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн Газар 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотой олон улсын хүндтэй зочид төлөөлөгчид манай орныг олзуурхан ирэх болсон. Ердөө хэдхэн хоногийн өмнө Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд айлчлал хийгээд буцлаа. Энэ мэт дэлхийн хэмжээний гийчид айлчилж буй энэ жилд Монголчууд бид зочдодоо ямар бэлэг өргөн барих билээ? Энэ асуулт сэтгүүлч намайг уран бүтээлчидтэй уулзахад хөтөлсөн билээ.

“Их Хаадын Чулуу” ХХК-ийн үүсгэн байгуулагч энэ эрхэм хийсэн бүтээснээрээ хэдийн нэрийг олж уран дархчууд, тэр дундаа хөөрөг сонирхогчдын дунд эчнээ танил болсон нэгэн юм. Ингээд хөөрөг, үнэт өв урлаач О.Ариунболдтой “Шонхрын баримал эх загвар бүтээх” уралдааны үеэр цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.

- Цаг гарган ярилцаж буйд баярлалаа, юун тэргүүнд тэмцээн уралдааны тухай яриагаа эхэлье. Шонхор шувууны баримал, эх загвар бүтээх уралдааныг зохион байгуулах анхны сэдэл юу байв?  

Ерөөсөө үндэстний ёс уламжлалт, соёлын өвийг шингээн хадгалсан бүтээлийг эх орныхоо шилмэл урчуудаар урлуулж, бүтээлийг нь дэмжье гэдэг зорилгоор тэмцээнийг санаачилсан. Энэ жил анх удаа зохион байгуулж байгаа учраас яг санасан шигээ олон уран бүтээлчдэд тэмцээнийхээ удирдамжийг хүргэж хараахан чадаагүй. Гэхдээ 3 долоо хоногийн хугацаанд 16 бүтээл ирсэнд маш баяртай байна.

- Шонхор шувууг онцлон тэмцээнийхээ сэдвээр сонгох болсон шалтгааныг тодруулж болох уу?

Монгол түмний хувьд шонхор шувуу бол эртнээс дээдэлж ирсэн хишигт жигүүртэн. Ялангуяа нүүдэлчин ахуй, Их хаадын үеийн түүхтэй шонхор шувуу салшгүй холбогддог. Өвөг дээдсийнхээ шонхор шувууг гаршуулан тэжээж, ан ав хийдэг соёлыг хойч үедээ сэргээн сануулъя гэдэг үүднээс сэдвээ сонгосон гэж болно. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар 2012 онд Идлэг Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгон баталсныг залуус төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Тиймээс үүнийг бид марталгүй үргэлжлүүлж, яагаад нүүдэлчин ахуйд шонхор шувуу анд нөхөр болж ирснийг судлаасай гэж хүссэн.

“Эрхэмлэж хүндэтгэдэг нэгэндээ агт морьдын тэргүүн, аль сайн сайхан бүхнээ харамгүй өргөдөг өглөг ихтэй ард түмэн шүү дээ”

- Энэ жил эх орон маань гийчин ихтэй байна шүү дээ. Ер нь эртнээс монголчууд бид хүндтэй зочдодоо юу бэлэглэдэг байсан юм бэ?

Монголын нууц товчоо, эртний туульс домгийг сонирхон судлаад үзвэл маш олон нарийн нандин зүйлс байдаг. Эрхэмлэж хүндэтгэдэг нэгэндээ агт морьдын тэргүүн, аль сайн сайхан бүхнээ харамгүй өргөдөг өглөг ихтэй ард түмэн шүү дээ. Материаллаг зүйл биш ч гэлээ үгийн сайнаар ерөөж, ашдын бэлгийг дээдэлдэг. Харин орчин үед Монгол Улс маань бэлэг дурсгалын зүйлсээ гаднаас л авч байна. Одоогийн нөхцөлд өв соёл шингэсэн бэлэг дурсгалын зүйлс дэлгүүрийн лангуунд ховор болсон санагддаг. Ноолуур, эсгий эдлэл, морин хуур, монгол гэрийн масштабаар жижгэрүүлсэн сувенир гэх мэтээс өөр жуулчин болгоны худалдан авах хэмжээний өргөн хэрэглэгддэг, боломжийн үнэтэй үндэсний бэлэг цөөхөн. Үүнд их харамсаж явдаг.

- Одоо орчин цагт монголчуудын бэлэглэлийн соёлыг хэрхэн хөгжүүлэх талаар таны бодол ямар байдаг вэ?

Өнөөдөр уран бүтээлчид зөвхөн бүтээлдээ төвлөрч ажиллаад, бүтээлээ үнэлээд сайхан амьдрах бэрх болсон. Чадварлаг сайн уран бүтээлчдийн ихэнх нь гаднын орныг зорьж, ажиллаж амьдарч байгаа. Ийм харамсалтай нийгэмд уран бүтээлч болох хүсэлтэй хүүхэд залуус ч энэ чиглэлээр суралцах нь эрс багасна. Гэтэл аливаа үндэстний урлаг, гар урлал гэдэг бүхэлдээ түүх юм шүү дээ. Уран зураг, уран баримал, хөөрөг урлал гээд бүгд удмаас удамд, үрээс үрд дамжих өв юм. Харин уран бүтээлчид цөөрөөд л байвал хэн энэ улсын соёлын өв, агдам яруу түүхийг уран сайхнаар биежүүлэх билээ? Ингэж эргэцүүлэх тусам боломж бололцоо байгаа үедээ уран бүтээлчдээ дэмжих нь л чухал гэдэг шийдвэрт би хүрсэн. Ийм уралдаан тэмцээн тогтмол зохиогдох болгонд уран бүтээлчдийн онгод, оч асна гэж боддог. Анх удаа “Шонхрын баримал” эх загвар бүтээх уралдааныг зарласан ч манай компани өөрийн хэмжээнд чамлахааргүй мөнгөн шагналтай байлгахыг эрмэлзсэн.

“БНХАУ, БНТУ шиг үйлдвэрлэл эрчимжсэн улстай тоогоор өрсөлдөх ямар ч боломжгүй. Харин стратегийн түвшинд өндөр үнэлгээтэй урлагийн сор бүтээлүүдийг зах зээлд нийлүүлж валют татах боломж бий.”

- Масс үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй учраас хөрш орнуудад үйлдвэрлэгдсэн бэлэг дурсгалын зүйлс дэлгүүрт их байдаг. Монгол уран бүтээлчид яаж онцгойрч ялгарах хэрэгтэй гэж боддог вэ?

Угаас бид урд хөрштэй ч юм уу аль нэг хөгжингүй улстай тоогоор өрсөлдөх ямар ч боломжгүй. Харин тэргүүн зах зээлд үнэлэгдэх хосгүй үнэт, хийц бүхий соёлыг өвийг бид бүтээх ёстой. Жуулчид манай улсад ирээд юу худалдаж авах билээ? Тэр авсан зүйл нь Монгол улсыг хэр хэмжээнд төлөөлөх билээ? гэхээр тоймтой хариулт үгүй. Иймээс л соёлын өв бүтээгчдийн оюуны чадавхыг шавхсан сор бүтээлүүд гаргах ёстой юм. Жишээ нь, Европоос ирсэн жуулчинд hugo boss, dior бэлэглэх нь утгагүй. Тэгэхээр бидэнд зайлшгүй бэлэглэлийн эдлэл бүтээдэг гар урлалын соёлтой болох эрэлт хэрэгцээ бий. Хүндтэй зочиндоо ноолуур, эсгий таавчик л өгөх хэмжээнд байна гэхээр харамсалтай. Монгол улсыг үйлдвэрлэгч улс болгоё, ингэхдээ уран бүтээлчдийг дэмжих хэрэгтэй.

- Монгол хэрэглэгчид өөрсдөө эх орондоо үйлдвэрлэсэн, урласан бүтээлийг худалдан авах сонирхол хэр байдаг вэ?

Яг энэ асуултын хариунд би нэг жишээ дэлгэе. Залуус бид нэгнийхээ тэмдэглэлт баярын өдрүүдэд ресторан ороод монгол хоол гээд цуйван авч иддэггүй биз дээ. Солонгос, Хятад, Энэтхэг хоол л иддэг. Зүгээр л энгийн зүйл мэт боловч Монголын маань сайхан зүйлс бидний өдөр тутмын амьдралаас холдож алсарсаар байгаа юм. Бид улам гадаад соёлыг даган дуурайх болсон. Үүнд гэхдээ буруу өгөхгүй. Үйлдвэрлэл чанаржаад, уран бүтээлчдийн сор бүтээлүүд хэрэглээнд нэвтрээд ирэхээр аяндаа бид үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих л болно. Харин нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Монгол улсыг энд ярилцаж буй 2 хүн гэж төсөөлье. Тус бүр 1 сая төгрөгтэй буюу Монгол гэдэг улс 2 сая төгрөгтэй. Тэгээд энэ хоёр хүн зөвхөн хоорондоо л өөрсдийн хийсэн бүтээснээ худалдаад байя. Тэгвэл нэг нь арай жаахан их мөнгөтэй л болно.

Том зургаар харвал Монгол Улс 2 сая төгрөгтэй хэвээрээ л байна. Тийм биз? Тэгэхээр Орос гэдэг найздаа бүтээгдэхүүнээ зарж, Урд хөршдөө бас өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлбэл мөнгөн урсгал нэмэгдэж, валют өснө. Гадаад худалдаа гэдгийг бид хэт хүндрүүлж бодоод байдаг. Заавал хил гаалиар бүрдүүлэлт хийж бүтээгдэхүүнээ авч гараад гадаадад лангуу түрээсэлж гаднын хүмүүст зарах албагүй шүү дээ. Дэлхий хавтгай энэ үед оюуны шандас шаглаж бүтсэн цор ганц эх хувь бүтээлийг олон хувилбараар үйлдвэрлэж, түүнийгээ ирсэн жуулчдад худалддаг болох нь манай улсын хувьд их чухал.

- Таны үүсгэн байгуулсан “Их Хаадын Чулуу” ХХК-ийн урилгаар ирэх арваннэгдүгээр сард Төрийн соёрхолт, алдарт уран барималч Даши Намдаков ирнэ гэж сонссон?

Манай компанийн уран бүтээлчдээ дэмжих ээлжит нэг ажил бол 100 сая төгрөгийн шагналын сан бүхий уралдааныг зохион байгуулах юм. Түүндээ уран барималч Даши Намдаков эрхмийг шүүгчээр урьсан. Тэмцээний нарийн тов хараахан гараагүй байгаа ч өмнө хэлсэнчлэн сор бүтээлийг бий болгох зорилготой. Удахгүй өдөр тодорхой болмогц тэмцээний удирдамж, танилцуулгаа гаргах учраас уран бүтээлчдийг оролцоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэх байна.

- Энэ удаагийн “Шонхрын баримал” эх загвар бүтээх тэмцээнд оролцсон болон удахгүй зохиогдох уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчдэд хандан юу гэж хэлэх вэ?

Ер нь гоц сайхан бүтээл төрлөө гэхэд түүнийг дэлхий нийт Ариунболдын, эсвэл Батын, Доржийн гэж харахгүй. Монголын бүтээл гэж хүлээж авна. Иймд маш чанартай, давтагдашгүй хийц, хосгүй агуулгатай, бидний ёс заншлыг шингээсэн уран бүтээл бүтээхийн төлөө билиг оюуны мэлмий юугаа талбиж, авьч мэргэн байхыг захья. Гэхдээ би зөвхөн зохион байгуулж, дэмжихээс биш шүүгчээр ажиллахгүй. Харин чадварлаг, гайхалтай урчуудыгаа л оролцоосой гэж хүсэж байна даа.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.


“ШОНХРЫН БАРИМАЛ” ЭХ ЗАГВАР БҮТЭЭХ ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧДИЙН СЭТГЭГДЭЛ:

УРАН БАРИМАЛЧ Н.ЦОГМАГНАЙ:

Монголд уран барималч мэргэжил эзэмшсэн, бүр мэргэжлээрээ ажилладаг хүмүүс маш цөөхөн. Өөрөөр хэлбэл, уран барималч мэргэжлээр зөвхөн Дүрслэх урлагийн дээд сургууль жилд ганцхан анги бэлтгэдэг. Нэг ангийг 10 хүрэхгүй шахам хүүхдүүд төгсдөг. Зарим жилүүдэд огт анги бүрддэггүй байх тохиолдол бий. Гэтэл манай улсад мэргэжлийн уран барималчдын хэрэгцээ маш их. Уран баримлын хэрэглээг хөшөө, дурсгалаар хязгаарлаж бодох нь өрөөсгөл юм. Уран барималч хүн бол урлагийг биет болгож, түүхийн өвийг бүтээхийн сацуу түгээн дэлгэрүүлдэг.

Мэргэжлийн уран барималчдын тоог өсгөх, хүүхэд залууст мөрөөдөл бэлэглэх, одоогийн уран бүтээлчдээ дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой энэ тэмцээнийг өөрийнхөө санхүүжилтээр санаачлан зохион байгуулж буйд баяртай байна. Анхны удаа, бас богино хугацаанд гэхэд 16 уран барималч бүтээлээ ирүүлжээ. Энэ тэмцээн бол олон уран бүтээлчдийн сэтгэлд оч асаах эхлэл гэдэгт итгэж байна.

“ОЛОН УЛСЫН ШУВУУЛАХУЙН БОЛОН МАХЧИН ШУВУУ ХАМГААЛАХ ХОЛБОО”-НЫ АЗИЙГ ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ОТГОНСАЙХАН:

Дэлхийн нийт 87 улс орон Үндэсний шувууг сонгон зарлаад буй. Харин манай орны хувьд шонхор бол Монгол үндэстний бахархалт шувуу юм. Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгон зарласнаар шонхор шувууны төрөл зүйлийг хамгаалах, зүй бус хорогдлоос сэргийлэх, байгаль дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэх онцлогтой.

Монголын нууц товчооны 249-р бүлэгт “Арга чадлаар сургасан анч шонхор шувуудын аль сайныг хүргэе” хэмээн шонхор шувууны тухай өгүүлдэг. Түүнчлэн Марка Поло 1272-1289 онд Хубилай хааны дэргэд амьдарч байх үедээ түүнийг шонхор шувуугаар ан хийдэг байсан тухай бичиж тэмдэглэсэн байдаг. Миний хувьд тэмцээнд оролцсон бүтээлүүдээс шонхор шувууны анатоми, биеийн харьцааг хэрхэн урласныг ажиж үнэлгээ өгсөн.