Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жамъяншарав: Юнител групп Монголд анх удаа 5G сүлжээний туршилтын станцыг асаасан. Бид интернэтийн дэд бүтцийг дараагийн шатанд гаргана

Т.Саран, iKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Юнител групп

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ "ICT EXPO-2023"-н хүрээнд зохион байгуулж буй “ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээ өнөөдөр болов. 

Салбарынхаа өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцдэг тус форумд технологийн тэргүүлэгч компаниуд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа агентлаг, олон улсын байгууллагууд оролцлоо. Тэд тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж буй шийдэл алхмуудаа хэлэлцэн стратегийн чухал шийдвэрүүдийг гаргадаг онцлогтой юм. 

Уг форумын үеэр "Цахим хөгжлийн хурдасгахад харилцаа холбооны дэд бүтцийн боломж" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Энэ үеэр Юнител групп салбартаа хамгийн том бүтээн  байгуулалт хийсэн туршлагаа хуваалцаж, цаашид хамтдаа шийдэх алхмуудаа тодорхойлов. 

Монголын таван хүн тутмын дөрөв нь интернэт сүлжээ ашиглаж байна. Манай улсад интернэтийн сүлжээ нэвтэрснээс хойш 25 жилийн хугацаанд 60 гаруй компани энэ чиглэлээр үйлчилгээ нэвтрүүлж, Монгол орныг нийт 46,342 километр шилэн кабель бүрхжээ.

Тэгвэл мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт тэргүүлэгч Юнител групп Улаанбаатар хот,  21 аймаг сумдад нийт 18,000 километр үргэлжлэх шилэн кабель татаж, томоохон дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Нийт хатуу хучилттай авто замын урт 9,000 километр гээд тооцоход түүнээс хоёр дахин урт үргэлжлэх шилэн кабелаар эх орныхоо өнцөг булан бүрт хамгийн өндөр хурдны сүлжээг бий болгожээ. 

зураг
 
Юнител групп

Дэд бүтцийн бүтээн байгуулалт, түүнээс гарах үр дүнгийн талаар Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяаншараваас тодрууллаа. 

"Улаанбаатар хот, 21 аймгийг өндөр хурдны интернэтэд холбосон нь бахархам бүтээн байгуулалт"

Тэрбээр "Монгол Улс нь нийт газар нутгийн дийлэнх хэсэгт нь шилэн кабелийн сүлжээ нэвтэрч чадсан цөөн улсын нэгт багтдаг. Үүний 40 орчим хувийг зөвхөн Юнивишн ХХК 2011 онд байгуулагдсан цагаасаа бий болгосон. Дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг уйгагүй өрнүүлсээр Улаанбаатар хот, 21 аймгийг өндөр хурдны интернэтэд холбосон нь бидний хувьд бахархам бүтээн байгуулалт.

Энэ нь иргэд, төр хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн харилцаа холбооны гүүр нь болж, цаашилбал улс орныхоо цахим хөгжлийн хурдны замыг засжээ. Бид дэд бүтцийн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж, алслагдсан суурин багуудад 100 хувь нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Юнител групп 2016 онд салбартаа анх удаа 4G сүлжээг улс орон даяар нэвтрүүлсэн. Энэ цаг үеэс интернэт хэрэглэгчийн тоо нэмэгдлээ. Мөн интернэтэд түшиглэсэн бизнес ихээр бий болж байна. Хэрэглэгчид интернэт сүлжээнд холбогдсоноор дэлхий нийттэй хөл нийлэн алхаж байгаа. Интернэт сүлжээнд холбогдох нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна" хэмээв. 

Харин мобайл үйлчилгээний хүртээмж ямар байгаа тухайд "Улсын хэмжээнд дөрөв орчим сая интернэт хэрэглэгч бий болсон. Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй манай компанийн хувьд ихэвчлэн ирээдүйг харсан хөрөнгө оруулалтууд хийдэг.

Монгол орны алслагдсан сум, баг, суурин газрууд, аялал жуулчлалын бүсүүдэд интернэт сүлжээг өргөтгөсний үр дүнд орон нутгийн таван хүн тутмын дөрөв нь датагаар интернэт ашиглаж байна. Энэ нь улс эх орон төдийгүй иргэн бүрийн амьдралын чанарыг сайжруулахад нөлөөлж буй. Мөн Монголд анх удаа 5G сүлжээний туршилтын станцыг асааж, интернэт сүлжээний дэд бүтцийг дараагийн шатанд гаргах гэж байна.

4G сүлжээний хөрөнгө оруулалт гэхэд тухайн үедээ биш ирээдүйн хэрэглээг бий болгоход чиглэсэн. Одоо эхлүүлж буй ажил болох 5G сүлжээний хөрөнгө оруулалт ч адилхан. Эцсийн хэрэглэгчдэд шууд томоохон нөлөө үзүүлэхгүй ч 5G сүлжээнд суурилсан шинэ хэрэглээ, бизнесүүдийг бий болгох зорилготой. 5G сүлжээ илүү өргөн боломжтой учраас зайнаас машин удирдах, мэс засал хийх гэх мэт хэрэглээнд илүү тохиромжтой технологи юм. Монгол Улсад 5G сүлжээ нэвтэрсний дараа энэ чиглэлийн хэрэглээ, үйлчилгээ бий болоосой гэж бодож байна" гэлээ. 

Түүнчлэн "Энэ жилийн хувьд 5G сүлжээг нэвтрүүлэх ажилдаа орсон. Нөгөөтэйгөөр зөвхөн мобайлын интернэт сүлжээ гэхээс гадна "Юнител" группийн харьяанд байдаг "Юнивишин" ХХК 2011 онд орон сууцны айлуудад шилэн кабель оруулсан.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд "Юнивишин" ХХК 340,000 орчим айл өрхөд шилэн кабелийн үйлчилгээ үзүүлж байна. Өмнөх хоёр жилийн хугацаанд орон нутгийн гэр хорооллын айлууд руу шилэн кабель татаж, интернэт хүрэх боломжгүй айлуудыг өндөр хурдны интернэтэд холбосон. Бизнесүүдэд өсөлтийг бий болгох дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна. 

Дэлхий дахинд техник, технологийн дэвшлүүд бидний бүтээмжийг өсгөж, цаг хугацаа орон зайнаас үл хамааран амьдралыг илүү хялбар болгож байгаа ч манай улсын хувьд 15 ба түүнээс дээш насны иргэдийн 15.7 хувь нь интернэт хэрэглэж чадахгүй байгаа нь үл тоомсорлох тоо биш юм. Тэгвэл Юнител групп орон даяар зөвхөн шилэн кабелиар өндөр хурдны интернэт хүргээд зогсохгүй, харилцаа холбооны хамгийн өргөн сүлжээг хэрэглэгчдэдээ хүргэж чадсан.

"Интернэтэд холбогдсон айл, сум, баг, тосгоны хөгжил хурдсаж байгаа"

Зам дагаж хөгжил ирдэг гэдэгчлэн интернэтийн сүлжээ дагаж хөгжил ирдэг болж байна. Өөрөөр хэлбэл, интернэтэд холбогдсон айл, сум, баг, тосгоны хөгжил хурдсаж байгаа. Улмаар эдийн засаг, нийгмийн хөгжил илүү хурдсаж байна. Төрийн үйлчилгээ цахимжаад хэрэглэгчийн гар утсан дээр ирдэг боллоо.

И-Монголиа системийг 1.6 сая хүн ашиглаж байна. Мөн банкны салбар сайн цахимжиж байгаа. Энэ хэрээр банкны хэрэглэгчид өөрийн гар утаснаасаа санхүүгийн гүйлгээ хийх боломж бүрдсэн. Дэд бүтэц, интернэтийн сүлжээнд тулгуурлаад шинэ үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх боломж нээгдсэн. Старт-апууд шинээр төрөн гарч байна. Такси дуудлага, хоол хүргэлт зэрэг хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд чухал үйлчилгээнүүд бий болоод байна" гэдгийг Д.Жамъяншарав захирал хэллээ. 

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Ч.Золбаяр "Өмнө нь интернэт хэрэглэнэ гэдэг нь тансаг хэрэглээ байсан. Харин одоо бол интернэт аль хэдийн хүний салшгүй хэрэгцээ болон хөгжсөн байна. Энэ нь цаашид аливаа шинэ бизнесийг гаргаж ирэх үндэс суурьж болж байгаа юм" гэсэн юм. 

"Нэг айл дунджаар интернэтэд холбоотой 5-9 төхөөрөмж хэрэглэж байна. Өрхийн хэрэглээний төхөөрөмжүүд олон төрлөөр хөгжиж, илүү ухаалаг болж байна. 

зураг
 
Юнител групп

Дэлгүүрээс 64 нэр төрлийн өрхийн хэрэглээний ухаалаг төхөөрөмж авч болно. Цаашид ухаалаг төхөөрөмжийн хэрэгцээ улам илүү нэмэгдэнэ" гэдгийг форумын үеэр "Скайтел" группийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүүн онцолж байв. 

16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "ІСТ ЕХРО 2023” зургаадугаар сарын 9-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл амралтын хүрээлэнд болно.