Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын хойд талын эгнээг хааж, засвар хийж байгаатай холбогдуулан төв замд түгжрэл үүсээд байна.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр тус замын хөдөлгөөнийг өнөөдөр 15:00 цагт нээхээр болжээ.
Энэ тухай НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг засахдаа хэсэгчилсэн байдлаар буюу сөрөг урсгалтай болгосон. Өнөөдөр 15:00 цагт хөдөлгөөнийг нээнэ. Замын тэмдэг, тэмдэглэгээг хөдөлгөөн саарсан хойно буюу шөнийн цагаар тавина. Иргэд, жолооч нар хурдаа тохируулж явахыг хүсэж байна.
Гол замыг засварлахдаа суурийг хүчитгэж, суурь болон өнгө үеийн асфаль бетон хучилтыг тавьж байгаа юм. Зөвхөн өнгө үеийн асфальт бетон хучилтыг тавихдаа замын хөдөлгөөнийг хаана. Энэ жил замыг засварлахдаа полимер битум ашиглаж байгаа нь хүнд даацын автомашины дугуй мөрний ховилоос үүдэлтэй эвдрэл үүсэх нь бага болно. Замуудын бродюрыг солихгүй. Энхтайвны өргөн чөлөөний замыг 18 жилийн дараа шинэчлэн засварлаж байна" гэж мэдээллээ.
Авто замын урд эгнээний замын тэмдэг, тэмдэглэгээг ч шөнийн цагаар хөдөлгөөн багассан хойно хийх тул хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөв. Уг эгнээний хөдөлгөөнийг нээсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!