Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох "ІСТ ЕХРО 2023” зургаадугаар сарын 9-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл амралтын хүрээлэнд болно.
16 дахь жилдээ зохиогдож буй уг арга хэмжээний зорилго нь Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг олон улсад сурталчлан таниулж, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахад оршиж байгаа аж.
Технологи, технологийн дэвшил бидний бүтээмжийг өсгөж, амьдралыг илүү хялбар болгож байгаа ч нөгөөтээгүүр хүмүүсийн дунд “технофоби” буюу технологиос айх айдас дэлгэрч байна.
Энэ нь технологийг хэцүү гэж ойлгон шинээр гарч ирсэн технологийг хэрэглэхээс айх, технологийн дэвшлийн сөрөг нөлөө нь хүн төрөлхтөнд аюул тарина гэсэн итгэл үнэмшил юм. Иймд "ІСТ Ехро 2023”-т оролцож буй 170 гаруй байгууллагууд технологи бол энгийн гэдэг ойлголт дор нэгдэх гэж байна гэдгийг экспог зохион байгуулагчид онцолж байв.
Экспогийн эхний өдөр буюу зургаадугаар сарын наймны өдөр Шангри-Ла зочид буудалд цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх форум болно.
Форумын арга хэмжээг “Dell”, “Microsoft” компаниуд дэмжин ажиллаж байгаа бол экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Google” оролцож, “NAVER”, “Amazon” зэрэг компаниудын томоохон төлөөллүүд экспо болон форумын үйл ажиллагаанд оролцохоор болсон байна.
Дөрвөн өдрийн турш зохиогдох тус экспо дээр болох онцлох зүйлс:
Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч А.Баттамир “Өмнө нь төрийн болон хувийн хэвшлүүд зөвхөн өөрсдөдөө зориулсан программ хангамж зохиолгож, зардал, цаг хугацаа ихээр үрдэг байсан.
Харин одоо аль хэдийнээ монголын программ хангамжийн зах зээл дээр бий болсон бүтээгдэхүүн, технологиудыг хөгжүүлэлтийн цаг хугацаа гэж алдалгүйгээр шууд ашиглах боломжийг оруулж ирж байна.
Энэ нь программ хангамжийн зах зээл дээр хийгдэж буй цахим хөгжлийг хурдасгах өөрчлөлт юм.
Тиймээс экспо дээрээс төр болон хувийн хэвшлийнхэн өөрсдийн байгууллага дээр ямар цахим шилжилтийн шийдлүүдийг ашиглаж болох вэ гэдгийг харах боломжтой.
Түүнчлэн бүх бүтээгдэхүүнүүд англи хэл дээр орчуулагдсан байгаа учир программ хангамжийн компаниудын хувьд энэ экспо нь зөвхөн дотоодын зах зээл дээр бүтээгдэхүүнүүдээ тэлэхээс гадна олон улсын зах зээл рүү тэлэх боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой байна” гэлээ.
Экспогоос хүлээгдэж буй үр дүн:
- Төрийн зүгээс бизнесийн таатай орчин бүрдүүлэх чухал стратегийн шийдвэрүүдийг зарлана.
- ІСТ ЈОВ Fair буюу ажлын байрны өдөрлөгөөр хүний нөөцийн чадавхыг сайжруулах, салбарын мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах
- Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбох
- Олон улсын технологийн платформ, шийдлүүдийн боломжуудыг нээх
- Улс даяар дижитал шилжилтийн нэгдсэн ойлголттой болох /21 аймгийг хамруулах/
- Салбарын бүх талын оролцогч талуудыг хамруулж, хамтын ажиллагааг сайжруулах гэх мэт 9 үр дүнд хүрэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!