Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нова Каховкагийн даланг дэлбэлсэн нь Орос, Украины талуудад ямар нөлөөтэй вэ?

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Украины өмнөд бүс нутгийн томоохон усан сангийн далан дэлбэрсэн нь 15 сар гаруй хугацаанд үргэлжилж буй дайны нөхцөл байдлыг өөрчилж болзошгүй байна.

Орос, Украины талууд Нова Каховкагийн даланг дэлбэлсэн явдлыг “террорист халдлага” хэмээн нэрлэж, харилцан нэгнээ буруутгаж байгаа.

Үүссэн нөхцөл байдал дайтагч талуудад ямар нөлөө үзүүлж болохыг жагсаалаа.

Хэрвээ Оросын тал даланг дэлбэлсэн бол өөрийнхөө хоёр ашиг сонирхолд саад учруулсан хэрэг болж байна.

Нэгдүгээрт, Днепр мөрний зүүн эргийн өргөн уудам газар үерийн усанд автсан нь эндээс цэргүүд болон нутгийн иргэдийг зүүн зүгт нүүлгэх шаардлагатай болгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл Херсон мужийн эзэлсэн газар нутгаасаа Оросуудыг ухрахад хүргэнэ.

Хоёрдугаарт, Нова Каховкагийн усан сан нь 2014 онд ОХУ-д хууль бусаар нэгтгэгдсэн Крымийн хойгийг цэвэр усаар хангадаг. Нэг үгээр хэлбэл усны хангамж тасалдах нь Оросын талд хохиролтой.

Нөгөө талаас Украинд хохиролтой байх шалтгаан бас байна.

Тухайлбал одоо эхэлж буй Украины армийн сөрөг давшилт өмнөд фронт дээр саадтай учирч байгаа юм.

Днепр мөрний зүүн хэсэг үерийн усанд автсан нь хүнд хуягт техникүүдийг зорчиход хэцүү болгож байна. Хэрвээ энэ чиглэлд Украины арми амжилттай давшвал Оросын эзэлсэн газар нутгийг дундуур нь хувааж, Азовын тэнгисийн эрэгт хүрснээр Крымийн хойгтой Оросын эх газраас хуурай замаар холбогдох замыг таслах юм.

Ингэвэл Украины тал стратегийн хувьд томоохон ялалт байгуулах байв. Өөрөөр хэлбэл Оросын тал энэ боломжийг хаахын тулд Нова Каховкагийн даланг дэлбэлсэн байж болно.

Энэ таамгийг үнэмшилтэй болгох түүхэн баримт байдаг. Тухайлбал 1941 онд Зөвлөлтийн цэрэг ухрахдаа Нацист Германы давшилтад саад учруулахын тулд бас Днепр мөрний даланг дэлбэлж байсан юм.

Үүний улмаас Зөвлөлтийн олон мянган иргэн үерт амиа алдаж байжээ.

Аль ч тохиолдолд Нова Каховкагийн далангийн сүйтгэл нь Украин, Оросын аль аль талын өмнөд фронт дээр төлөвлөж байсан ажиллагаанд өөрчлөлт оруулах шаардлага бий болгож байна.

 

Эх сурвалж: BBC