Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Нислэгийн зам дагуух дроны үйл ажиллагааг хянах, хязгаарлах ажлыг ИНЕГ хариуцаж ажилладаг"

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслийг тавдугаар сарын 24-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. 

Хуулийн төсөл батлагдсанаар манай улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж, салбарын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх цаашлаад нислэгийн осол, зөрчил буурч, агаарын тээврийн шударга өрсөлдөөнийг бий болгох аж.

Түүнчлэн Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөхөөр болжээ.

Ингэснээр шинээр агентлаг байгуулахгүй бөгөөд төсөвт дарамт учруулахгүй болохыг хууль санаачлагч Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт онцолж байв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Иргэний нисэхийн салбарт төрийн зохицуулалтаа оновчтой хийх нь зөв. Гэхдээ нэгдүгээрт аюулгүй байдлаа сайн хангах ёстой. Үүний зэрэгцээ эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд ямар зохицуулалтыг хуульд тусгасан бэ. Мөн газрын олон үйлчилгээг сансраас удирддаг болсон. Тухайлбал дроныг дайн байлдаан, ашигт малтмал, хил хамгаалах, агаараас тандалт хийх зэргээр ашиглаж байна. Энэ орон зайг хэрхэн харах вэ" хэмээн хууль санаачлагчаас асуулаа.

Зөвхөн агаарын тээвэр гэлтгүй тээврийн салбарт аюулгүй ажиллагаа байдаг. Тиймээс 25 жилийн дараа уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Хуулийн төсөл нийгмийн хөгжил, шаардлагаасаа хоцорчихсон яваа. Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн төв зэрэг байгууллага хоорондын бодлого, үйл ажиллагаа харьцангуй суларсан. Нөгөө талдаа дотоод, гадаадын нислэгүүд, төрийн болон хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг зохицуулах шаардлага үүссэн. Иймд үе үеийн дарга нар өөртөө эрх мэдэл нэмж, үүргээ бусдад хуваарилж, хариуцлагаас зугтдаг байсныг өөрчилнө" хэмээн хариуллаа. 

"Иргэний нисэхийн 102 дугаар дүрмээр дроны үйл ажиллагааг зохицуулдаг. Тухайлбал нисэх буудлын орчим, агаарын хөлгийн зурвас, нислэгийн зам дагуух дроны үйл ажиллагааг хянах, хязгаарлах ажлыг ИНЕГ хариуцдаг. Хуулийн төслийн 5.1.1-т агаарын зайн дээд хэмжээ буюу хууль үйлчлэх хүрээг 14,000 метрээр хязгаарласан" хэмээн ажлын хэсгээс нэмж хариулав.