ЕБС-ийн багш нарын гүйцэтгэлийн түвшнийг тогтоох зорилготойгоор энэ сарын 16-ны өдрөөс эхлэн орон даяар 30,000 гаруй багш нарт ажлын гүйцэтгэлийн үнэлгээг asuulga.eec.mn сайтаар хийж эхлээд байгаа билээ.
Харин иргэдийн зүгээс тус сайтыг ачааллаа даахгүй, ажиллахгүй байна гэж шүүмжлээд байгаа юм. Энэ талаар Боловсролыг үнэлгээний төвийн Хэвлэлийн төлөөлөгч П.Отгонбатаас тодруулахад "Энэ долоо хоногийн даваа гарагт Сүхбаатар, Баянзүрх дүүргүүд дээр ачаалал их үүсэж байсан учраас дүүргүүд рүү хувааж сервер байршуулсан. Мягмар гарагаас тус асуудлыг хэвийн болгосон. Одоогоор ямар ч асуудалгүй ажиллаж байгаа.
Багшийн гүйцэтгэлийг 740 гаруй мянган хүн үнэлж асуулга бөглөж байгаа учраас сервер гацсан. Цагийн зохион байгуулалтад оруулж, хэвийн болгосон.
Тодруулбал, өмнө нь баталгаажуулах товч дарахаар баталгаажлаа гэсэн хариуг тэр дор нь шууд илгээж байсан нь ачаалал үүсгэж байсан учраас 10 минут тутамд цугларсан хүмүүсийн хариуг нэгтгэж явуулснаар давхцал үүсгэхгүй болгосон" гэлээ.
Өнгөрсөн жил багш нарын гүйцэтгэлд 1.3 сая хүн үнэлгээ хийж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|