Гаалийн Ерөнхий Газраас экспорт, импорт, цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр хилийн боомтоор 11,000 тээврийн хэрэгсэл бүртгэлгүй гарсан гэх асуудалд тайлбар өгөв.
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар "Хилийн боомтууд болон гүний гаалийн байгууллагад нийт 1,500 албан хаагч ажилладаг.
Жилд дунджаар 50-90 албан хаагч сахилгын шийтгэл хүлээдэг. Эдгээр нь албан үүрэгтээ хайнга хандсан, ажил тасалсан, хариуцлага алдсан зэрэг шалтгаантай. Сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлж, үйлдлийг нотолж, баримтжуулж байж арга хэмжээ авдаг.
Гаалийн албан хаагчидтай холбоотой хуулийн байгууллага шалгаж байгаа асуудалд мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэгт холбогдсон эсэх хариу ирэх байх.
11,000 машинтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагатай хамтран шалгаж, тогтоох ажил үргэлжилж байна. Мэдээлэл нотлогдсон үед холбогдох байгууллагууд албан ёсоор мэдээллийг хүргэнэ. Урьдчилж хэлэх боломжгүй"-г хэлэв.
Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна хэмээн гуравдугаар сард АТГ-аас мэдээлж байсан юм.
Түүнчлэн "Гаалийн байгууллагын алба хаагчдын хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ авдаг. Тодорхой хугацаанд хяналт шалгалт явуулж, зөрчил гарсан тохиолдолд Гаалийн Ерөнхий Газарт арга хэмжээ авах албан АТГ-аас хүсэлт ирүүлдэг. Үүний дагуу хөрөнгө орлогоо дутуу, худал мэдүүлсэн алба хаагчид зохих журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулдаг" хэмээн ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|