Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Walmart-ийн бараа нийлүүлэгчид хиймэл оюунт роботтой үнэ хэлэлцдэг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Америкийн супермаркетын аварга сүлжээ Wallmart бараа нийлүүлэгчидтэй харилцахдаа хиймэл оюунт робот ашигладаг болжээ.

ChatGPT системтэй адилхан ажилладаг Walmart-ийн чатботыг Pactum AI компани хөгжүүлсэн юм байна.

Walmart ямар төрлийн барааг ямар хэмжээтэй төсөвт багтаан авах хүсэлтэй байгаагаа уг чатботод мэдээлэхэд цаашаагаа нийлүүлэгчидтэй харилцаж, бүх нөхцөлийг нь тохиролцдог болжээ.

Нийлүүлэгчдийн дөрөвний гурав нь хүнтэй хэлэлцэхээс илүү Walmart-ийн чатботтой ярилцах нь амар байгаагаа илэрхийлснийг судалгаа харуулсан байна.

Walmart компани Pactum AI системийг ашиглаж эхэлсэн анхны үйлчлүүлэгч болжээ.

“Зарим нийлүүлэгчид маань үүнийг үнэ хэлэлцэх хамгийн сайн арга гэж үзэж байгаа. Гэхдээ хүнтэй ярилцахыг илүүд үздэг хэсэг бас байсаар байна” гэж Walmart компанийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Даррен Кэритерс ярьж байна.

Хүн гүйцэтгэдэг байхад нийлүүлэгчидтэй хийх яриа хэлэлцээ хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сар үргэлжилдэг байсан бол робот ажилласнаар хэдхэн өдөрт дуусдаг болсныг тэр нэмж хэлжээ.

Walmart компани 2022 оны арванхоёрдугаар сард худалдан авагчидтай харилцдаг онлайн системдээ хиймэл оюуны технологи ашиглаж эхэлсэн юм.

Ингэснээр худалдан авагчид сонирхож буй барааныхаа тухай мэдээллийг роботтой харилцаж авдаг болсон байна.

Өнгөрсөн хугацаанд 50 сая гаруй хүн гар утсаараа дамжуулан уг системээс мэдээлэл авсныг Walmart компанийн гүйцэтгэх захирал Даг Макмиллон саяхан хөрөнгө оруулагчдадаа бичсэн захидалд дурджээ.

 

Эх сурвалж: Bloomberg