Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг МАН-ын бүлэг дэмжлээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Тодруулбал, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа юм. 

Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг хурлаар сонссон. Бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, чиглэл өглөө. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах нь зүйтэй талаар намын даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. 

Бүлгийн гишүүд Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжих шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг бүлэг дэмжсэн. 

Хуралдаанд 61 гишүүнээс 46 гишүүн оролцсон. Оролцсон гишүүдийн дийлэнх нь Халдашгүй байдлын дэд хорооны саналыг бүрэн дэмжлээ. Манай бүлгийн хоёр гишүүн хуралд оролцож байр сууриа илэрхийлсэн" хэмээв. 

Одоо Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж, дээрх саналыг хэлэлцэнэ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай танилцуулж, шийдвэр гаргах юм.