Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Сайн дурын 240 идэвхтэн сүрьеэтэй өвчтөний эмийг өдөр бүр гэрт нь хүргэж өгдөг"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан холбогдох албаны мэргэжилтнүүд сүрьеэ өвчний өнөөгийн нөхцөл байдал болон бусад асуудлаар мэдээлэл өглөө.

Глобал сангийн сүрьеэгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ганзаяа “Сүрьеэгээр өвчилж байгаа нийт тохиолдлын 2/3 нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд байдаг.

Сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн тухай хуулийн дагуу иргэдэд үнэ төлбөргүй хүргэдэг. Энэ төсөв нь улсаас болон Глобал сангийн санхүүжилтээр олгогддог учир өвчтөнд эм тасрах асуудал үүсдэггүй. Гэхдээ сүрьеэгийн эмчилгээ бусад өвчинтэй харьцуулахад урт хугацаанд буюу 6-24 сарын хугацаанд үргэлжилж өдөр болгон 4-5 төрлийн антибиотикийг уудаг. Тиймээс зарим тохиолдолд тэр тусмаа орон гэргүй, архины хамааралтай иргэдийн дунд сүрьеэгийн эмчилгээгээ таслах асуудал зонхилдог.

Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн дор улсын хэмжээнд 240 сайн дурын идэвхтнүүд сүрьеэтэй өвчтөний эмийг өдөр болгон гэрт нь хүргэж өгөх үйлчилгээг үзүүлж ажилладаг” гэлээ.

"КОВИД 19"-ийн нөлөөгөөр сүрьеэ өвчний эрт илрүүлэг 30 хувь хүртэл буурсан. Тиймээс идэвхтэй эрт илрүүлгийг эрсдэлт бүлгийн хүн амруугаа чиглэн явуулж байна гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм.

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 65,023 нь амьсгалын тогтолцооны өвчлөлтэй

“Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн эрт илрүүлэх шинжилгээнд энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт  840,836 хүн хамрагдсан. Үүнээс сэжигтэй өвчлөл тохиолдол нь 606,573 бүртгэгдсэнээс 65,023 хүн нь амьсгалын тогтолцооны өвчлөлтэй гарсан” гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан мэдээллээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь хүн амын эрүүл мэндийг судлах, тандах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх эрт оношилж илрүүлэх гол чиглэлийнхээ хүрээнд дараах ажлуудыг хийдэг байна.  

  • Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд 100 гаруй видео шторкуудыг хийж иргэдэд тогтмол давтамжтайгаар хүргэдэг.  
  • Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 10 дахь жилдээ зохион байгуулж оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрт хамруулах, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажлуудыг тогтмол хийдэг.
  • Сүрьеэ болон амьсгалын замын бусад халдвараас урьдчилан сэргийлэх талаар холбогдох албаныхныг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг.
  • Хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хандлага дадлага төлөвшүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахын ач холбогдлын талаар цахим болон зурагт хуудас мэдээллүүдийг гаргадаг.
  • Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх 119 дугаарын утсыг ажиллуулдаг.