Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Цолмонгэрэл: Яллагдагчийг 30 хоногоор хорьдог. 29 дэх хоног дээр нь тулгаж мэдүүлэг авч, хүний эрхийг зөрчдөг

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2023 оны 3 сарын 20
Өдрийн сонин
Зураг зураг
Фэйсбүүк дэх Legal Service center хуудсаас авав

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй ярилцлаа.

-Олон нийтийн дунд хууль шүүхийн байгууллагад шалгуулж байгаа, баривчлагдсан хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа талаар сүүлийн үед нэлээд хөнддөг боллоо. Үнэхээр тэнд хүний эрх зөрчигдөөд байна уу. Хуульч хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Хууль хүчний байгууллагынхан бусдыг үндэслэлгүй хорих, эрхийг нь зөрчих, хууль зөрчиж мэдүүлэг тайлбар авах, дарамтлан сүрдүүлж хэргийг нь хүлээлгэсэн гэх гомдол санал нэлээд байдаг.

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийг яллагдагчаар татмагц цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой.

Тэр дундаа тус хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан

нэг, оргон зайлахыг завдсан, оргосон

хоёрт, шүүгч прокурор, мөрдөгч, хохирогч гэрч шинжээч, хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дарамталсан, сүрдүүлсэн эсхүл өөрийн амь нас эрүүл мэнддээ хохирол учруулахаар байгаа,

гуравт, гэмт хэрэг үйлдэж болзошгүй мэдээ баримт байгаа,

дөрөвт, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, мэдэгдэх хуудсаар дуудахад ирээгүй гэсэн үндсэн үндэслэлээр цагдан хорьдог.

Энэ нь хөнгөн гэмт хэрэг байсан ч хамаагүй дээрх нөхцөл байдал үүсэхэд цагдан хорих саналыг прокуророос гарган шүүхийн журмаар шийдэж байна. Мөн мөрдөгч прокурорын зөвшөөрлөөр 48 цаг хүртэл баривчилж байгаа. Хуучин хуулиар 72 цаг хүртэл баривчилдаг байсан. Харин хөнгөн гэмт хэрэгт цагдан хорих арга хэмжээ авдаггүй байсан.

Тэгвэл дээр дурдсан үндэслэлүүдээс "Гэмт хэрэг үйлдэж болзошгүй мэдээ баримт байгаа" гэдгээр цагдан хорьж, мөрдөх хугацааг сунгаж байгаа байдал түгээмэл байгаа юм.

-Яг ийм үндэслэл сүүлийн үеийн хэргүүдэд нэлээд сонсогддог болжээ?

-Чухам ямар мэдээ баримтаар гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзээд байгаа юм бэ гэхээр прокурор "Энэ нь гүйцэтгэх ажлын мэдээ баримтаар тогтоогдсон" гэсэн тайлбарыг өгдөг. Ингээд нууц мөрдөн шалгах ажиллагаа гээд хоригдогчийн өмгөөлөгчид үзүүлдэггүй, үйлчлүүлэгчээ хамгаалах боломжгүйгээр цагдан хорих хурал үргэлжлэн яллагдагчийг хорьдог.

Цаашлаад цагдан хорьсон 30 хоногийн хугацаанд тодорхой мөрдөн шалгах ажиллагаа огт явуулдаггүй, эсвэл 29 дэх хоног дээр тулгаж ямар нэгэн гэрчээс, яллагдагчаас мэдүүлэг авдаг. Уг нь эхний 28 хоногт мэдүүлэг авах ажиллагааг явуулж хэргийг мухарлаж шийдвэрлэх боломжтой шүү дээ.

Аль болох шуурхай мөрдөх ажиллагааг явуулж, хүнийг үндэслэлгүй олон хоног хорьж эрхийг нь зөрчихгүй байхыг зорих ёстой. Ийм байдлаар хорьж мөрдөж байгаа нь яллагдагчийг залхаан цээрлүүлэх, хэргийг өөрөөр нь хүлээлгэх, магадгүй мөрдөгч прокурорын ажлын ачаалал, ур чадвар дутмаг байдлаас хүний эрхийн зөрчил гаргаж байна.

Шүүх анх ЭХХШТХ-ийн 14.9-д заасан тодорхой үндэслэлээр цагдан хорьсон, харин сунгахдаа "Хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдлаас сунгалаа" гээд хэд хэдэн удаа сунгадаг. Энэ нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

-Тодруулахгүй юу?

-Цагдан хорих хугацааг сунгана гэдэг нь тухайн хүнийг цагдан хорьж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, анх цагдан хорьсон үндэслэл заавал байхыг шаардана. Анх цагдан хорьсон үндэслэл арилаагүй, үргэлжилж байгаа тохиолдолд цагдан хорих хугацааг сунгаж болно гэсэн үг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад анх цагдан хорьсон үндэслэл арилсан, асуудал тодорхой болсон байхад тухайн хэрэг ээдрээ төвөгтэй гэдэг үндэслэлээр цагдан хориог сунгаж байгаа нь хууль бус. Гэтэл шүүхийн ийм практик манайд тогтчихоод байна.

Үндсэн хуулиар хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэр бүлийн гишүүн нь мөн энэ эрхийг эдэлдэг. Тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөтөлбөргүй шуурхай тогтоох үүрэг төрд байна. Гэтэл энэ байдал алдагдсан гэдгийг олон улсын байгууллагаас сүүлд хийсэн үнэлгээ болон практик хуульчдын дунд шүүмжлэлт байр суурь харуулсаар байна.

-Ялангуяа олон cap, жилээр хоригдоод хэрэг нь хэрэгсэхгүй болдог, цагааддаг тохиолдол байна. Цаана нь тухайн хүн урт хугацаагаар хоригдсон нөхцөл байдал байдаг. Тэр эрх чөлөөгөө хасуулсан сэтгэл санаа болон эрүүл мэндийн хохирлыг Монголын шүүх, төр барагдуулдаг уу?

-Мөрдөгч прокурор, эрх бүхий албан тушаалтан хүний эрхийг үндэслэлгүй хууль бусаар зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна, учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

Энэ талаар ЭХХШТХ-ийн 45.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй", 45.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана" гэж тус тус зохицуулсан.

Хууль бусаар цагдан хорьсон, хууль бусаар ял сонсгоод цагаадсан, эрх чөлөөг нь хууль бусаар хохироосон болохыг тус хэрэгт гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нотолно. Хүний эрхэд хууль бусаар халдсанаар хохирол учирна. Тодруулбал "Сэтгэл санаа (өөрт нь болон гэр бүлд нь)-ны хохирол, алдар нэр хүнд нь доройтох, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үеийн хохирол, ашиг орлого олох боломжоо алдах" гэх мэт хохирлоос хор уршиг учирна. Энэ хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй.

-Хуульд заасан ч практикт хэрэгжиж байна уу?

-Энэ төрлийн хохирлыг шүүхээр буруутай этгээдээс, төрөөс нэхэмжилсэн хэргүүд хэд хэд байдаг. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар нийт нэхэмжлэлийн үнийн дүнгийн 30-40 хувийг хангаж сэтгэл санаа болон олох ёстой байсан орлого ашгийг гаргуулж шийдвэрлэсэн гэсэн судалгаа байдаг. Жишээ нь, баримт бичиг хулгайлсан хэргээр шалгагдаад хэрэгсэхгүй болсон тул 10 сая төгрөг нэхэмжлээд түүнээс хоёр сая төгрөгийг гаргуулахаар болсон 2021 оны Иргэний хэргийн шүүхийн шийдвэр байна.

Мөн Хүний эрхийн үндэсний комисс нь төр хууль хүчний байгууллага хүний эрх зөрчсөн асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргадаг. 2002 оноос өнөөдрийг хүртэл нийт 40 удаагийн төлөөлөн нэхэмжлэл гаргасан байдаг юм билээ. Үүнээс 33 нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн.

Нийт нэхэмжилсэн хохирлын хэмжээ 4.8 тэрбум төгрөг байснаас 3.3 тэрбум төгрөг нь сэтгэл санааны хохирол байсан. Үүнээс 550 орчим сая төгрөгийн нэхэмжлэлийг хангасан байна. Энэ дунд сэтгэл санааны 19 нэхэмжлэлийн 247 сая төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

-Дээрхтэй холбож асуухад хэн нэгнийг цагдан хориод шалгах явцдаа хуулийнхан нотлох баримтыг янз бүрээр олж авдаг. Энэ бол хүний эрх зөрчсөн явдал гэсэн шүүмжлэл гомдол байдаг. Тухайлбал, нотлох баримтыг хуурамчаар олж авах гэх мэт. Гэвч ял авдаг. Уг нь ийм тохиолдолд цагаадаж хэрэгсэхгүй болдог уу?

-ЭХХШТХ-ийн 41.1 дэх хэсэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх. улмаар цагаатгах талаар зохицуулсан. Хуурамч баримт үйлдсэн, худал мэдүүлэг өгсөн, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж хилсээр шийтгэсэн зэрэг үндэслэл байвал түүнийг шүүхээр тогтоолгон цагаатгуулах, эсвэл эсрэгээрээ цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож алдааг залруулах боломж байгаа. Харин цаазын ялын үед энэ алдааг залруулах боломжгүй байдаг тул ардчилсан улс бүр энэ төрлийн ялаас татгалздаг.

-Нэг кэйс сонирхож асууя. Койны хэрэгт холбогдуулан О.Мөнхжинг удаан хугацаанд үндэслэлгүй цагдан хорьж байна гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөөд байгаа. Нөгөө талаар түүнийг өмгөөлөх багтаа өндөр өртөгтэй, олон хүмүүсийг ажиллуулж байна. Үүнд прокурор дургүй байгаа тухай зарим хуульчид ярьж байна. Хэн нэгэн өмгөөлөх эрхээ яаж эдлэх нь прокурорт хамаарах уу?

-Хүн хэдэн ч өмгөөлөгчтэй байж болно. Өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж болно.

Өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёр хэдэн төгрөгөөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах нь талуудын чөлөөт байдал, эрх чөлөөний асуудал.

Хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цаг хугацаа, үйлчлүүлэгчийн боломж бололцоог харгалзаж хөлсөө тохиролцдог. Олон өмгөөлөгчтэй байгаа талаар прокурор эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа эрх бүхий албан тушаалтан шүүмжлэлтэй хандах нь ёс зүйн зөрчил.

Улмаар хүний эрхийн зөрчилд тооцогдоно шүү дээ. Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг.

Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй.

Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг.

Зураг