Пүрэв гарагт Токио хотод Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзаж, хамтын ажиллагаагаа сайжруулах түүхэн яриа хэлэлцээг хийсэн юм.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа муудсан нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн түүхтэй холбоотой маргаанаас үүдэлтэй байв. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сүк Ёл маргааныг эцэслэн шийдвэрлэх санаачилга гаргасныг Токиогийн эрх баригчид талархан хүлээж авсан юм.
84 минут үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа хоёр улсын удирдагчид хамтдаа зоог барьж, албан бус байдлаар ярилцжээ.
Пүрэв гарагийн орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл, Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида нар Токио хотын Гинза дүүрэгт оршдог сүкияки (үхрийн махтай хоол) ресторанд зоог барьсныхаа дараа үргэлжлүүлэн өөр нэг алдартай ресторанд очсон тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Энд тэд нэг цаг гаруй суухдаа япон шар айраг, солонгос сөжү архи хүртэцгээжээ. Ингэхдээ “сомэк” гэж нэрлэдэг дээрх хоёр ундааг хольж гаргасан коктейлийг тулгаж ууцгаасан байна.
Үүгээрээ тэд хоёр улсын найрамдал нөхөрлөлийг бэлэгджээ.
Кишида энэ үеэр коктейлийн амтыг “найрамдлын амт” гэж магтсан бол Юн Сүк Ёл өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд хоёр улсын харилцааг оргилд нь хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хоёр улс энэ удаагийн хэлэлцээгээр өндөр түвшний харилцан айлчлалуудыг тогтмолжуулж, харилцан нэг нэгэндээ тавьсан худалдааны хоригуудыг цуцлахаар тохиролцжээ.
Мөн тагнуулын мэдээлэл солилцох гэрээгээ сэргээж, Умард Солонгосын цөмийн зэвсгийн аюулын эсрэг хамтран тэмцэхээр болсон байна.
Баасан гарагт Юн Сүк Ёл хоёр улсын харилцааг дэмжих зорилготой парламентын бүлгийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзжээ. Төлөөлөгчдийн дотор Япон улсын ерөнхий сайд асан Таро Асо, Ёшихиде Сүга зэрэг нөлөө бүхий эрхмүүд байсан байна.
Эх сурвалж: Korea Times