ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Үүрцайхбаатар: Монголд хамгийн анхны ногоон бонд босгох ажлыг эхлүүлсэн

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 2 сарын 17
iKon.MN
зураг
 

Монгол Улсын банк санхүүгийн салбарт хамгийн хурдтай хөгжиж буй Капитрон банкны нийт актив 1.97 их наяд төгрөгт хүрээд байна. Иймд Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатартай активын өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс болоод банкны цаашдын зорилго, зорилтын талаар ярилцлаа. 

- Өдрийн мэнд хүргэе. Урилгыг хүлээн авч, ярилцах болсонд баярлалаа. Таны банкны салбар дахь туршлага, ажлын гараанаас ярилцлагаа эхлүүлье?

- Өдрийн мэнд. Би 2006 онд СЭЗИС-ийг банк санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг, 2014-2016 онд Тайваний Шинжлэх Ухааны Их сургуульд банк санхүүгийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа Улаанбаатар хотын банкны эдийн засагчаар эхлүүлэн, Чингис хаан банканд эдийн засагч, Цахим банкны ахлах мэргэжилтэн, Хөрөнгө зохицуулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2016 онд Капитрон банканд Бизнес хариуцсан дэд захирлаар ажиллаж эхэлсэн. 2021 оны долдугаар сараас Капитрон банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Үндсэндээ банкны салбарт тасралтгүй 17 жил ажиллаж байна.

- Капитрон банкны нийт актив 1.97 их наяд төгрөгт хүрсэн. Энэ өсөлт нь салбарын дундажтай харьцуулахад ямар байгаа вэ?

- 2016 оноос хойш манай банкны активийн өсөлт хурдацтай нэмэгдэж жил бүр тогтмол 20-50%-иар өсч байна. Мөн актив өсөхийн хэрээр ашигт ажиллагаа ч гэсэн сайжирсан. Энэ нь бид бүхний харилцагчдадаа хүргэж буй чанартай үйлчилгээ, хурдтай холбоотой. Нөгөө талаас манай харилцагчдын бизнес өсөн дэвжиж бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл актив өсөж буй нь харилцагчдын төлбөр тооцоог хурдан шуурхай хийх, зээл болон хадгаламжийг нь хурдан, найдвартай байршуулах гэх мэт банкны үйлчилгээний чанарыг илтгэх нэг үзүүлэлт юм. Манай банк харилцагчидтайгаа хамт өсөн дэвшсээр байгаа.

Салбарын дунджийн хувьд янз бүр байдаг ба салбарын өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүнтэй уялддаг. Бусад банкуудтай харьцуулбал Капитрон банк 54 хувийн өсөлттэй, дээгүүрт орж байна.

- Нийт хэдэн хувийн өсөлт үзүүлсэн гэсэн үг вэ?

- 2021-2022 оны хооронд 54%-ийн активын өсөлтийн үр дүн гаргасан буюу 1 их наяд 283 тэрбум төгрөгөөс 1 их наяд 975 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь манай банктай хамтарч ажилладаг иргэд, аж ахуйн нэгжийн итгэлцлийн үр дүн гэж хэлж болно. 

- Банкны цаашдын богино ба урт хугацааны зорилгоо хэрхэн харж байгаа вэ?    

- Капитрон банк нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу 2022 оны зургаадугаар сарын 30-нд Хаалттай хувьцаат компани болсон. Энэ оны 12 сарын 31-н гэхэд “Банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй” гэсэн хуулийн шаардлагыг ханган ажиллахаар холбогдох төлөвлөгөөг гаргаж, СЗХ, Монголбанкаар батлуулан холбогдох ажлуудыг үргэлжлүүлж байна.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран Олон улсын төлбөр тооцооны хувьд төвөгтэй байдал үргэлжилж байгаа ч бид харилцагчдынхаа төлбөр тооцоог цаг хугацаа алдахгүйгээр уян хатан шийдвэрлэн саадгүй гүйцэтгэж байгаа тул дотоод төлбөр тооцооны процесс ч мөн адил сайн явж байна. 

Мөн манай банк алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилго тавьж, 2022 онд 3.2 тонн хэмжээний алтыг харилцагчдаасаа авч Монголбанканд тушаасан. 

Манай улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нийт ажлын байрны 50 орчим хувийг бий болгодог. Банкны стратегийн хүрээнд эдгээр хүмүүсийг дэмжих нь бизнесийн болон нийгмийн хариуцлагын талаасаа зөв зүйл гэж хардаг. Тиймээс ч бид ЖДҮ эрхлэгчдийг боломжоор дэмжвэл Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

Монгол улс сүүлийн үед тогтвортой, ногоон хөгжилд ихэд анхаарах болсон. Өнөөдөр бид агаар хөрсний бохирдол, ус, цахилгаан, дулаан гэх мэт олон асуудалтай тулгарч байна. Эдгээр асуудлуудад шийдэл олж буй ногоон бизнес хийж, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг иргэд, ААН-ийг дэмжих чиглэлээр ажилладаг.

Түүнчлэн бид банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хялбар, хурдан, зайнаас хүргэх боломжийг бүрдүүлэх 100% дижитал банкыг зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад явж байна.

- 2023 оны онцлох бүтээгдэхүүн үйлчилгээнээсээ дурдвал?

- Капитрон банк иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ зориулж “52 долоо хоног” хуримтлалын үйлчилгээг гаргасан. Энэ нь жирийн хугацаатай хадгаламжаас илүү өндөр өгөөжтэй ба харилцагчдад тогтмол хуримтлал үүсгэх дадал хэвшлийг суулгах зорилготой хадгаламж байгаа. Мөн бяцхан харилцагч нартаа зориулсан “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүн нь хүүгээс хүү бодуулахын сацуу хүүгийн орлогоос авдаг татвар болох 10%-ийг манай банк өөрийн зардлаас буцаан харилцагч нартаа олгодог. 

Дараагийн онцлох бүтээгдэхүүн бол бусад арилжааны банкуудад хараахан нэвтрүүлээгүй байгаа “Шилэн дансны үйлчилгээ” байгаа. Тус үйлчилгээ нь орлого зарлагын гүйлгээгээ ил тод харуулах боломжтой үйлчилгээ бөгөөд дундын данс үүсгэх, хандив цуглуулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр ашиглах боломжтой. 

- Капитрон банкны тогтвортой хөгжил буюу ногоон эдийн засгийг дэмжих чиглэлд хийгдэж буй ажлууд сүүлийн жилд илүү эрчимжиж байгаа харагдсан. Энэ хүрээнд 2023 онд ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

- Яг жилийн өмнө бид Монголд хамгийн анхны ногоон бонд босгох ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 2-3 байгууллагын шийдвэрүүд эцэслэгдэн, эх үүсвэрээ хүлээн авах ажил нь гэрээ хэлцлийн шатанд явж байна. Эдгээр ногоон бонд нь Сингапурын хөрөнгийн бирж дээр зарагдан, эх үүсвэр болж орж ирснээр ус, дулааны хэмнэлтийг бий болгох бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг ногоон бизнес эрхлэгчдэд зориулагдах зээл болох юм. Амжилттай хэрэгжсэн тохиолдолд Монгол Улсад цоо шинэ түүхийн хуудсыг нээгдэнэ. Биднээс үл хамаарах шалтгаанаар хугацаа шаардаж байгаа ч амжилттай дуусгана гэж бодож байна. 

Мөн бид Partnership for Carbon Accounting Financials (PCAF) буюу Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд Монгол улсаас гишүүнээр элсэн орсон. Уг түншлэл нь зээл, хөрөнгө оруулалт дах хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцоолж, тайлагнах нэгдсэн арга барилыг боловсруулан хэрэгжүүлэхээр Парисын хэлэлцээрийн үеэр 2015 онд байгуулагдсан олон улсын нэгдсэн тайлагналын арга зүй юм. Цаашид бид тогтвортой хөгжлийн хүрээнд PCAF-ын аргачлалаар нүүрстөрөгчийн хийн тооцооллыг гаргаж явах болно.

- Ярилцсанд баярлалаа

- Баярлалаа. Капитрон банкны харилцагч, түнш нартаа ирж буй “Үзэсгэлэн болгогч” Туулай жилийн сар шинийн мэндийг хүргээд, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.