Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

10 гаруй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлжээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Виртуал хөрөнгө буюу койн, токентой холбоотой асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос өнөөдөр хамтарсан хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

"Өнөөдрийн байдлаар дэлхийд 22,000 орчим койн бүртгэлтэй байна. Манай улсад эрх зүйн зохицуулалт бий болохоос өмнө 64 хуулийн этгээд олон нийтээс хөрөнгө татах ажиллагааг явуулсан байдаг. Монгол Улсад 2021 оноос эхлээд койн, токен нэрийн дор олон нийтээс хөрөнгө мөнгө босгох, татах ажиллагаа маш эрчимтэй явагдсан" хэмээн СЗХ-ны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн ярилаа. 

Тэрбээр "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх ажилд СЗХ-ноос хяналт, шалгалт тавьдаг. Одоогоор хуулийн шаардлага хангаагүй 10 гаруй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлсэн.

Манай улсад анхдагч койныг санал болгох ICO процессыг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар хориглосон байдаг. Энэ хууль батлагдахаас өмнө 64 койн олон нийтээс хөрөнгө татсан байсан. Харин хууль батлагдсанаас хойш шинээр койн гарч, олон нийтээс хөрөнгө босгох ажиллагаа явагдаагүй. Тодорхой хэмжээнд эрх зүйн зохицуулалт бий болсон гэсэн үг. Төрийн зохицуулалттай болсон учраас хэн нэгэн дурын этгээд бусдаас хөрөнгө татахыг хязгаарласан. 

Нөгөөтээгүүр олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хорооноос (ФАТФ) шинэ технологитой холбоотойгоор дэлхийн бүх оронд адил нөхцөл, шаардлага тавьсан. Тодруулбал, улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэлжүүлэх ажлыг заавал хийх хэрэгтэй хэмээх шаардлага бий. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 83 улсын виртуал хөрөнгийг төрөөс зохицуулж байна. Тодорхой зохицуулалттай зах зээлийг бий болгох ёстой хэмээх байр суурийг СЗХ-ноос барьж буй. Аливааг хориглохоос илүү эрх зүйн зохицуулалтад оруулах нь чухал. Койн, токен нэрийн дор бусдаас хөрөнгө татах, залилах асуудлыг байхгүй болгох ёстой" хэмээн хэллээ.