Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Хөгжлийн Банк багцынхаа хязгаарлалтыг сулруулах нь зөв байсан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр болж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөгжлийн Банк 2019 оны долдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 400 тэрбум төгрөгийн нэмэлт олгох цонх нээсэн байна. Улмаар энэхүү зээлийг олгож эхэлсэн. Яагаад ийм шинэ цонх нээж, зээл олгож эхэлсэн талаар асуумаар байна" хэмээв. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Миний хувьд 2019 оны зургаадугаар сард Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Эхний ээлжид тухайн үед зээлийн багцын чанар дээр дүн шинжилгээ хийсэн юм. Өөрийнхөө дүгнэлтийг тайлагнаж байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн үед 1.1 их наяд төгрөгийн зээлийн багц чанаргүй болж зээлийн хүүгийн орлого тасалдахаар байна гэдгийг хэлж байсан. Банк үргэлжлүүлээд үйл ажиллагаа явуулах боломжтой ч зөвхөн зээлийн үйл ажиллагаагаар санхүүжүүлнэ. Жишээлбэл, ноос, ноолуурын Засгийн газрын хөтөлбөртэй холбоотой тодорхой хэмжээний зээл олгогдох байсан. Иймд Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагуудтай ярилцаж байгаад Монголбанкнаас тодорхой хэмжээний дэмжлэг хүсэж байлаа. Хариуд нь гарч байгаа зээл дээрээ хяналт тавьж, тайлангаа хүргүүлэх амлалт өгч байсан юм.

Хөгжлийн Банкны зорилгод нийцсэн зээл үү үгүй юу гэдэг асуудал тухайн үед яригдаж байсан. Уул уурхай, хөрс хуулалттай холбоотой зээл Хөгжлийн Банкны зээлийн зорилгод нийцэж байсан гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл тухайн үед болон одоо ч гэсэн нүүрс бол манай улсын номер нэг экспорт. Энэ асуудлаар туслан гүйцэтгэгч компанийг дэмжих нь зөв гэсэн чиг баримжаа байсан юм. Үндэсний компанийг дэмжих зээлүүдийг баталж байсан. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн Банк багцынхаа хязгаарлалтыг сулруулах нь зөв байсан. 

Муу зээлтэй ажиллах төлөвлөгөө гаргаж өгч байсан. Зарим муу зээлдэгч нарын мэдээллийг хуулийн байгууллагад хүргүүлж ажилласан гэдгийг хэлмээр байна. 

Хөгжлийн Банкны сонсголтой холбоотой нэг зүйлийг хэлэхэд өмнөх сонсголын үеэр эрсдэлтэй зээл гэсэн дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан байхад яагаад зээл олгосон бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Эрсдэлгүй зээл гэж байдаггүй. Эрсдэлгүй зээл гэдэг бол хадгаламж барьцаалсан зээл юм. Бусад нь бүгд эрсдэлтэй. Тиймээс энэ асуудалд тодорхой ойлголттой байх нь зөв" гэдгийг хэллээ.