Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

М.Цэнгүүн: Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргын алтан медалийг аваад, төрийн далбаагаа өргөөд зогсох гоё байсан

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Словенийн Блед хотод 2023 оны нэгдүгээр сарын 23-27-нд болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс 50, 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Баянгол дүүргийн усанд спорт сургалтын төвийн тамирчин 10 настай, М.Цэнгүүн хос алт, мөнгөн медаль хүртсэн тухай мэдээлж байсан. Тэрбээр өчигдөр эх орондоо иржээ.

Усан спортын тамирчин М.Цэнгүүн "Словени улсын Блед хотод болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-нээс 25, 50 метрийн мэлхийн сэлэлтээр хоёр алт, нэг мөнгөн медаль авсан. +5 хэмийн хүйтэн усанд сэлсэн, 50 метрт сэлэхэд хүйтэн санагдсан. 

Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргын анхны алтан медалийг аваад, төрийн далбаагаа өргөөд зогсох гоё байсан.

Энэ тэмцээнд оролцоход манай гэр бүлийнхэн тусалж дэмжсэн юм. Өвөө усанд сэлэхийг зааж өгсөн. Усан спортоор дөрвөн жил хичээллэж байгаа. Долоо хоногийн зургаан өдөр, хичээлтэй үед гурван өдөр бэлддэг. Бассейнд орохоосоо өмнө хүйтэн усанд 1-2 минут биеэ дасгаад, хоёр цаг хичээллэдэг. Өвөөдөө баярлалаа" гэв.

Түүний өвөө, ОБЕГ-ын харьяа спорт хорооны тамирчин Ш.Даваадорж "Усан спортын төрлөөр 40 жил хичээллэж байна. 2014 оноос өвлийн усанд сэлэлтийн төрлөөр хичээллэж эхэлсэн. Бассейн, өвлийн усанд сэлэлт хоёр нь хоорондоо техникийн ялгаатай. Ач охин минь дэлхийн аваргаас алтан медаль авахад үнэхээр сайхан, өөрөө медаль авсан юм шиг баярласан.

Монгол Улсаас усанд сэлэлтийн ДАШТ-нээс хос алтан медаль авсан нь монголд сэлэгч байдаг гэдгийг харуулах үйл явдал боллоо" хэмээн ярилаа.

Уг тэмцээнээс усанд сэлэлтийн тамирчин Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэгдүгээр сарын 28-нд Франц улсад болсон мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс нэг хүрэл медаль авсан амжилт үзүүлжээ.

 

Мэдээллийг unuudur.mn сайтын шууд дамжуулалтаас бэлтгэв.