Сократус стартап студиогийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцог, АНУ-ын Дэлэвэр мужийн хуулийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй Exponential Zaisan Partners компанийн партнер А.Азбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тус санамж бичгийн хүрээнд хоёр компани дотоодын гарааны бизнесүүдэд хамтран хөрөнгө оруулалт хийх, олон улсын зах зээлд нэвтрэхэд дэмжиж ажиллах юм.
Сократус Стартап Студио нь 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба дотоодын болон гадаадын гарааны компаниудад эхлэлийн шатны хөрөнгө оруулалт хийх, гарааны компанийг зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай компани болж төлөвшихөд дэмжих системийн инженерчлэлд суурилсан бойжуулах үйлчилгээ үзүүлдэг Монголын гарааны компанийн экосистемийн гол оролцогчдын нэг.
Exponential Zaisan Partners VC Fund нь 2022 оны 11 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба дотоодын болон гадаадын гарааны компаниудад seed шатны хөрөнгө оруулалт хийх, олон улсад зах зээлээ тэлэхэд, урт хугацаанд компанийн үнэлгээгээ өсгөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах зорилготой байгуулагдсан бөгөөд одоогоор эхний хөрөнгө оруулалтаа хийгээд байна.
Сократус Стартап Студиогоос 19 гарааны компани хөрөнгө оруулалт авсан байна. Сократусын хөтөлбөрийг амжилттай төгсөж зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас цахим сургалтын www.melearn.mn, Янзтай брэндийн ясны шөл үйлдвэрлэгч Гарааны Эс Ти Эс Фүүдс компани, боловсролын цогц шийдэл хөгжүүлэгч Шимт боловсрол компани, хэл сургалтын арга зүй, SAM апп-ыг хөгжүүлэгч Брайтон зэрэг компаниуд байна.
Эдгээр хөтөлбөрөө төгссөн компаниудын амжилтаас дурдвал www.melearn.mn -ийнхан олон улсын стартапуудтай өрсөлдөн шалгарч Казахстаны Астана хаб-ын хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж, Энэтхэг, Филиппин улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Брайтон багийнхан Founder Institute-ийн Хонконгийн салбар дахь хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж шилдэг 3 төгсөгчийн нэгээр шалгарч, олон улсын зах зээлд танилцуулах Neolingo апп-аа хөгжүүлж байна. Янзтай брэндийнхэн бүтээгдэхүүнээ экспортлох зорилгоор стратегийн хөрөнгө оруулалтаа татаж шинэ үйлдвэрийн барилгын бэлтгэл ажилдаа орсон амжилттай ажиллаж байна.
Сократус Стартап Студиогийн 2023 оны эхний улирлын сонгон шалгаруулалт зарлагдсан байгаа ба тэд нэг гарааны компанид 300 хүртэлх сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтыг хийдэг.
Мөн тус компани хөрөнгө оруулагчдад зориулсан “INVESTUS-Мэдлэгээр баталгаажсан хөрөнгө оруулалт” арга хэмжээг 2023 оны 03 сарын 01-нд Шангри-Ла, Улаанбаатарт зохион байгуулахаар ажиллаж байна. Уг арга хэмжээнд Сингапурын Темасек хөрөнгө оруулалтын сангийн бизнесийн зөвлөх, Stewardship Asia байгууллагын Гүйцэтгэх захирал асан Ong Boon Hwee илтгэл тавьж, бизнесийн байгууллагын удирдлагууд, хөрөнгө оруулагч нарт сургалт зохион байгуулах юм байна.