-Японд төгсөгчөөс асуух 5 асуулт-
Энэ удаагийн зочноор МУИС-ийн профессор, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал асан С.Баттулга оролцож байна. Мөн тэрбээр Жугамо нийгэмлэгийн хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм.
1.Японд төгсөөд Монголд хөл тавимагцаа бодсон хамгийн анхны бодол юу вэ?
-Монголоо сайхан болгох ёстой юм байна гэдэг бодолтой бууж байсан. 2008 онд Японоос ирэхдээ магистр, докторт сураад, төгссөн сургуульдаа багшлаад, ер нь олон жил ажиллаж амьдраад нэлээд туршлагатай болчихсон байсан. Япон хэлээр багшилж байсан, дипломын ажлуудаа японоор бичсэн гэх мэт олон талаасаа Японы сайн ч, муу ч талыг аль алиныг нь гадарладаг болчихсон байв.
Анх 2008 онд Японоос Монголд буух үед “Орон зай” гэх зүйлийг илүү мэдэрсэн. Монгол орон зай гэж хэлэх юм уу даа. Онгоцноос буугаад ирэхэд л маш их эрх чөлөө, орон зай гэдэг зүйлийг хүчтэй мэдэрсэн. Монголын онцлог болох “Миний орон зай шүү дээ” гэсэн бодол төрж байсан.
Манай орон чинь хэчнээн хөгжиж байгаа ч гэсэн сайхан талууд их бий. Буугаад ирэхэд “Би бүх хүнийг таньж байна” , “Ямар ч асуудал гарсан асуудалгүй” гэж боддог ч юм уу нэг тийм сайхан тайвширсан, тийм орон зайг мэдэрсэн сэтгэгдэл төрж байсан. Япон улс бол маш олон хүнтэй, маш их дэг жаягтай, тодорхой дотоод дүрмийн дагуу ажиллаж хөдөлмөрлөдөг, бүх зүйл тогтсон нийгэм учраас Монгол шиг ийм орон зайд амьдардаг хүмүүсийн хувьд тэнд очоод ажиллахад бас их стресс үүсдэг. Гэхдээ тэр завгүй амьдралдаа дасахад хүргэдэг л дээ. Тэр нь монгол хүн өөрөө дасан зохицох чадвар сайтай учраас дасдаг гэж боддог.
Ер нь “Үзүүлээд өгнө дөө” гэсэн эрч хүчтэй бодол л төрж байсан даа.
2.Японд суралцах явцдаа өөртөө суулгасан гол зарчим юу байв?
-Нэг анзаарсан зүйл гэвэл хувь хүний хийж байгаа, хийхийг хүсэж байгаа зүйл, юуны төлөө явж байгаа юм гэх мэт бүх зүйл тэр хүний л асуудал. Тэр хүний өөрийнх нь сонголт, өөрийнх нь амьдрал. Тэр болгоныг бүтээгээд явж байгаа гэсэн үг. Тийм учраас чи өөрөө хийж байгаа зүйлээ өөрөө л хариуцах ёстой. Чи ямар үр дүн гаргахыг хүсэж байна, тэр болгоныг өөрөө л хариуцах ёстой. Бусад хүнд нэг их хамаатай биш.
Ямар ч япон хүн аливаа нэг зүйлийг дааж аваад, хийх ёстой бол хамгийн сайн түвшинд хийх гэж зорьдог. Япон хүмүүс мэдээж янз янзын түвшинтэй, янз янзын бодолтой, харьцангуй өөр өөр орчинд өссөн байдаг. Гэхдээ л ямар ч япон хүн нэг зүйлийг хариуцаж авсан бол тэрийгээ БЭСТ түвшинд хийх гэж зорьдог юм шиг санагдсан. Тэр бол мэдээж багаас нь тэгж хүмүүжүүлсэн байна. Нэгэнтээ надад оноогдсон учир “Би хийх ёстой юм байна” , “Би үүнд бүх л цагаа зарцуулъя, бодлоо зориулъя, үүний талаар бэлдье, бэлтгэе” гэсэн бодолтой байдаг. Нэг жижигхэн хичээл дээр илтгэл тавих, дипломын ажил бичих, төслийн ард гарах гээд бүгд ямар ч ялгаагүй. Бүгд л яг БЭСТ түвшинд байхын тулд юм уншиж, цаг зарж, харьцуулж хийдэг. Манайд болохоор дүн авах юм чинь, шагнал авах юм чинь үүн дээр ач холбогдол өгье гэдэг ч юм уу, иймэрхүү ялгаатай хандлага байдаг л даа. Япон хүмүүст тийм хандлага бага юм шиг анзаарагдсан.
Өөрөөр хэлбэл, хүн хийх юмандаа хариуцлагатай хандаж байна л гэсэн үг. Би ирээд их сургуульдаа үргэлжлүүлээд ажиллаж байхад ажигласан зүйл гэвэл Японд олон жил сурч, ажилласан болохоор тийм талыг нь сурч, илүү их мэдэрсэн юм болов уу, тэр зан чанараа алдахгүй юм сан гэж боддог. Манай монголчуудад ч гэсэн үгүйлэгдээд байгаа маш чухал чанар гэж боддог. Гэр бүлийн асуудал дээр ч тэр, найз нөхөд хооронд ч тэр ялгаагүй. Жишээлбэл манай Жугамо нийгэмлэг байна. Нэгэнтээ нийгэмлэг дотор ороод, тодорхой ажил хариуцаж авсан л бол тэр үедээ хийх ажилдаа зайлшгүй цагаа зарцуулах ёстой. Өөрөө бодол санаагаа чиглүүлэх ёстой, хүмүүстэй хамтарч ажиллах ёстой, сэтгэл гаргах ёстой. Тэгсэн тохиолдолд л хүн өөрөө түүнээсээ сайхан таашаал авдаг юм байна гэдгийг япончуудаас нэлээд олон зүйл дээр анзаарч ойлгосон.
3.Японоос ирээд Монголд ажиллахад тулгарсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ?
-Надад байнга бодогддог нэг зүйл бол монголчууд бид аливаа асуудалд их зарчимгүй, үзэмжээрээ ханддаг. Энэ маш их мэдрэгддэг. Энэ бол энгийн амьдрал дээр ч тэр, тодорхой хэмжээний түвшний ажил алба хашиж байгаа хүмүүсийн хувьд ч тэр, албан газруудад ч тэр, ер нь бол нэлээд нийтлэг болсон зүйл байна гэж боддог. Өөр талаас нь хэлэх юм бол хувийн юмыг ажилтай хольдог. Тэгэхээр ойлголцоход их хэцүү байдал үүсгэдэг. Зарим хүн ажлынхаа үүднээс ярих гээд байхад, зарим хүн хувь хүн талаас нь харах гээд байдаг. Энэ нь бидний ажил явуулахгүй байх, багаар ажиллаж чадахгүй байх зэрэгт маш их нөлөө үзүүлж байгаа гэж боддог. Үүнийг л өөрчилчих юм сан гэж боддог.
Би өөрөө тэр зүйлийг их мэдэрдэг учраас өөрөө өөрөөрөө үлгэрлэж, аливаа зүйлд зарчимч хандах юм сан, үзэмжээрээ хандахгүй юм сан гэдэг бодлыг гэртээ ч, ажил дээрээ ч, үг хэл үйлдлээрээ илэрхийлэхийг хичээдэг. Ялангуяа хувийн асуудлыг ажилтай холихгүй байх гэдэг дээр сүүлийн үеийн компаниуд нэлээд амжилттай ажиллаад явж байгаа гэж бодож байна. Гэхдээ л бид энэ зангаасаа салж чадахгүй л яваад байгаа. Энэ хоёр юмыг салгадаг болчихвол нэг нэгнийхээ ажлыг сайн ойлгоод, дэмжээд явчихдаг байвал ажил хурдан бүтдэг. Ядаж л нэг баг болоод ажиллаж байгаа тохиолдолд багийн ахлагч нь төлөвлөгөөний дагуу цуглах ёстой шүү гэхэд л бүгд цуглачихдаг байх ёстой. Их энгийн. Бид өөрсдөө л гүнзгийрүүлээд, ухаж бодоод байдаг. Энэ зан чанар чинь маш энгийн юман дээр л гардаг байх гэж боддог. Өнөөдрийн Монголын амьдрал гээд ярихаар янз янзын асуудал яригддаг. Тэдгээрийг хэтэрхий их гүнзгий бодох гээд, логиктой том асуудал болгож ярих гээд байдаг. Гэтэл яг үнэндээ маш энгийн зарчим дээр үндэслэж явдаг, энгийн асуудлууд байдаг. Явж явж хүмүүсийн харилцаа. Хамгийн наад зах нь ажлын харилцаан дээр бид нэг нэгэндээ уурлахгүй, сэтгэл хөдлөлөө дараад сурчих юм бол нэг том харилцааны асуудал шийдэгдчихлээ гэсэн үг.
4.Японд төгсөгчид Монголдоо ашиглаж чадахгүй байгаа боломж нь юу вэ?
-Өнөөдрийн хувьд бол монголчууд маань маш олон оронд очиж суралцаж байна. Хаана л эрдэм мэдлэг байна, хаана иргэншил байна тэдгээрийг бид очиж суралцаж, өөрсдийнхөө амьдралыг сайжруулахын тулд ашиглаад явж байгаа. Энэ тал дээр бол хаана төгссөн нь нэг их хамаагүй гэж бодож байна. Харин Японд төгсөгчдийн хувьд бидэнд өнөөдөр маш их боломж байгаа гэж бодож байна. Өнөөдөр монголчууд бидний суурь асуудлууд шийдэгдээгүй байна гэдэг эдгээр асуудлуудыг шийдэхээс эхлээд л маш их зүйл хийх боломж байна гэсэн үг. Их азаар Монгол - Япон хоёр орон хоорондоо их сайхан ойртож, найрсаг харилцааны суурь бий болсон байна. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой гээд харахад нэг нэгнээ ойлгодог болсон байна, таньж мэддэг болсон байна. Гурван сая хүн амтай улс гэхэд Японы талаар маш их мэдлэгтэй болсон байна. 120 сая хүнтэй улсын хувьд бүгд биш юм аа гэхэд тодорхой цөөхөн ч гэсэн хувь нь Монголд маш дуртай, Монголын талаар мэдлэгтэй болсон байна. Энэ бол бидний том амжилт. Харин Японд төгссөн хүмүүс маань олон янзын зорилгоор суралцах, ажиллах боломжууд гарч байгаа учраас янз янзын л хүмүүс байгаа байх. Гэхдээ бидний хувьд хэд хэдэн зүйлийг мартаж болохгүй гэж би боддог.
Ялангуяа, итгэж алдаж болохгүй. Японд төгссөн хүмүүс маань харьцаж байгаа япон хүнтэйгээ, хамтарч ажиллаж байгаа компаниудтайгаа илүү их эрх ашгийг бодоод зарим тохиолдолд итгэл алдахгүй байх, нөгөө хүмүүстээ зөвшөөрчхөөд түүнийгээ биелүүлж чадахгүй тохиолдолд худлаа ярихгүйгээр зөв тайлбарлаж чаддаг байх гээд эдгээр чадварууд чинь япон хүний хүсдэг, хүлээдэг, хоорондоо харилцдаг суурь харилцааны чадварууд гэсэн үг. Тиймээс бидний хувьд тэдгээр чадваруудыг сурч мэдсэн учраас энэ тал дээр сайн анхаараад хэрэгжүүлээд явбал ядаж л бид япончуудтай нэг түвшинд ажиллах суурь нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг.
Монгол хэдий хөгжиж байгаа орон ч гэлээ Япон шиг хөгжилтэй оронтой адилхан түвшинд харилцан ашигтай бизнес хийхийн тулд түрүүн хэлсэн итгэл алдахгүй байх чадвараар л энэ боломж бүрдэнэ гэж би боддог. Энэ нь л Японд төгсөгч бид нарын ижилсэх хамгийн том суурь ойлголт гэж боддог. Жишээлбэл, Жугамо нийгэмлэгт ч гэсэн ажил хариуцаж авсан хүмүүс итгэл алдахгүйгээр, сэтгэл гаргаж өөрийн ажлаа хийдэг байх нь сайн зүйлийг бид нар өөрсдөдөө шингээгээд ирсэн байна даа гэж их бодогдуулдаг.
5.Япон улсаас шууд нутагшуулах боломжтой ямар “ноу-хау”-г та санал болгох вэ?
-Өөрийн бодож явдаг нэг зүйлээ энд цохоод хэлье гэж бодож байна. Мэдээж аливаа улс үндэстэн гэдэг өөр өөрийн онцлогтой уламжлалтай, газар зүйн онцлогтой гээд өөр өөр байгаа. Өөрсдийнх нь үнэлэмж ч өөр, хүндэлдэг дээдэлдэг юм нь ч өөр. Түүнээс гадна нийтлэг юм ч байгаа. Бидний хувьд Ази гэдэг утгаараа их ойрхон байх ёстой гэж боддог. Одоо ч гэсэн Японтой хамтарч ажиллах тал дээр боддог нэг зүйл бол “Хүнийг бүтээх”, “Хүний суурийг бүтээх” гэдэг салбарт маш их хамтарч ажиллаасай гэж боддог. 2-3 настайгаас нь хүүхдийг авч асардаг асрамжийн газар, бага насны хүүхдүүдийн цэцэрлэг, бага сургууль гэх мэт энэ түвшинд Японтой маш их хамтарч ажиллаасай гэж боддог.
Энэ тал дээр япончууд маш их цаг зарж, ухаанаа сийрүүлж, орчин үеийн барууны боловсрол соёлыг нэвтрүүлсэн ч гэсэн уламжлалаа маш их дээдэлж, уламжлалаа шингээдэг ард түмэн гэж би боддог. Өөрөөр хэлбэл, барууны маш олон соёлыг аваад байгаа мөртөө цаана нь “Японы уламжлал гэдэг зүйлийг мартаж болохгүй шүү”, “Япон хүн гэдгээ сайн санаж байх ёстой шүү”, “Бид том болоод өөрийгөө аваад явдаг Японоо боддог байх ёстой” гэх зэрэг ойлголтыг бүр сууриас нь боловсруулаад хөтөлбөртөө шингээсэн байдаг. Ингээд дунд сургуульд ороод ирэхэд япон хүүхдүүд яг л тийм болчихсон байдаг.
Бид тийм зүйлсэд маш бага ач холбогдол өгдөг гэж би их санаа зовдог. Их сургууль, ахлах сургуульд санаа зовох бол нэг өөр асуудал. Харин тэр хүнийг бүтээх гэж байгаа цэцэрлэг, бага сургуульд нь бид илүү их анхаарал тавих ёстой. Тийм учраас үүн дээр япончуудад маш их туршлагатай гэж би боддог юм. Гэхдээ бид энэ ойлголтыг шууд аваад яг таг хуулах биш, “Энэ хүнийг бүтээхэд тэд яаж ажилладаг юм”, “Юун дээр анхаарал тавьдаг юм”, “Яагаад ингэдэг юм”, “Тэр нь ямар үр дүнд хүргэдэг юм” гээд олон талаас нь бодож энэ туршлагыг аваасай, энэ салбарт илүү их япончуудтай ойрхон ажиллаасай гэж боддог. Энэ бол маш чухал.
Бас сургууль соёлыг харж байхад бидэнд нэг тогтсон хандлага байдаг. Бид бол нэг амьсгаагаар л асуудлыг шийдчих гээд байдаг их яаруу хүмүүс. Харин япончуудыг бид их удаан гээд л яриад байдаг. Гэтэл багаас нь тэрийг зааж өгдөг байгаа юм л даа. Яагаад гэхээр “Чи эхлээд яарах хэрэггүй, маш тайван асуудалд ханд”, “Өөрөө үнэхээр сэтгэл хөдөлж байвал сэтгэл хөдлөлөө дар”, “Үнэхээр чиний бодол санаа чинь зөв, үнэмшилтэй байна уу, чи итгэж байна уу”, “Үүнийхээ төлөө юм унш цаг зар” гэж зааж сургадаг. “Ингэсэн хойноо та шийдвэр гаргаж болно”, “Ингэсэн хойноо та юмаа хийж болно” гээд багаас нь хүүхдүүдийг хийлгээд сургачихсан байдаг.
Японд бага ангийн хүүхдүүд гэхэд л юм болгонд судалгаа хийгээд л түүнийхээ үр дүнг хичээл дээрээ ирээд ярьдаг. Жишээлбэл гэртээ очоод өнөөдөр сургууль дээрээ хийсэн хоолны орцыг тэмдэглэж ирээд, үнийг нь судлаад, “Өнөөдөр ийм төгрөгийн хоол идсэн байна”, “Ингээд тооцоолбол долоо хоногтоо хоолонд тийм төгрөг зарах юм байна” гэх мэтчилэн судалгаа хийдэг. Энэ бол яг л амьдралд хэрэгтэй, хүнээс асуухгүйгээр сурах юмыг зааж өгч байгаа хэрэг юм л даа. Иймэрхүү зүйлсийг бид сурах хэрэгтэй гэж би боддог доо.
Ярилцсан: Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!