Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Цаашид үймээн самуунд уриалсан үйлдэл гаргавал хуулийн дагуу арга хэмжээ авна" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жагсаал, цуглаантай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр хэв, журам зөрчсөн иргэдийг баривчилсан тохиолдол байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал хариулт өгсөн юм. 

Тэрбээр "Үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд маань өнгөрсөн шөнө талбай дээр хонолоо. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид ч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ажиллаж хоносон. Өнгөрсөн шөнө үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдээс цагдаагийн алба хаагчидтай ямар нэгэн байдлаар маргалдаж, эсэргүүцээгүй. Өчигдрийн жагсаалын үеэр хууль бус үйлдэл гаргаагүй, нэгдмэл байдлаар өрнөсөн. Үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийг баривчилсан, саатуулсан үйлдэл гараагүй. Өнөөдөр ч иргэдийг барьж саатуулаагүй гэдгийг албан ёсоор хэлье.

Өнөөдөр үдээс хойш төрийн ордон руу дайрах, очлууртай гал гаргах, гацуур мод шатаах зэрэг үйлдэл гаргаж, бусдыг хууль бус үйл ажиллагаанд турхирсан" хэмээн хэлэв.

Мөн үргэлжлүүлэн "Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиараа төрийн ордон бол төрийн хамгаалалтад байх объект. Төрийн хамгаалалтад байгаа объект руу хууль бусаар нэвтрэх нь гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл. Ингэж болохгүй гэдгийг үзэл бодлоо илэрхийлж байгаа залуус ч дотроо нэг нэгэндээ хэлж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид үүнийг анхааруулж, сануулах арга хэмжээ авч байгаа болохоос биш таслан зогсоож, хүч хэрэглэж тараах үйл ажиллагааг явуулаагүй.

Цаашид олон нийтийг үймээн самуунд уриалсан үйлдэл гарвал хуульд заасан холбогдох арга хэмжээг авна. Тийм учраас хүмүүст анхааруулж хэлэх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд байгаа учраас аюулгүй байдлаа хангаж ажиллах нь зүйтэй. 

Энэ хэргийг АТГ шалгаж байгаа. Тийм учраас АТГ болон холбогдох прокурорын байгууллагуудаас тодорхой төрлийн гэмт хэргүүдээр мэдээлэл өгөх байх" гэдгийг хэллээ.