Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг газар дээрээс нь - Сайн жишээ 6: Оюу толгой ХХК

ikon.mn
2022 оны 10 сарын 10
ikon.mn

 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд төлөвлөгөөтэй хувь нэмэр оруулж буй “Оюу толгой” ХХК

зураг
 

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

“Хүн бүрийн онцлогт тохирсон, мэдлэг чадвараа бүрэн ашиглах боломжтой ажлын байрыг санал болгодог”

зураг
 
Гүний уурхайд өөрийн хариуцсан хэсгийн ажилтнуудаа дэлгэцээр хянаж, чиглүүлэн зааварчилж буй Д.Цогт-Эрдэнэ (Зургийг Д.Цогт-Эрдэнийн хувийн архиваас авав)

Шинээр бий болгосон ажлын байр

Оюу толгой бол нийслэл хотоос 550 км зайд өмнийн говьд байрлах зэс, алт, мөнгө, молибден зэрэг ашигт малтмал бүхий томоохон уурхай ба дэлхийн хамгийн өндөр чанартай зэсийн ордны нэг юм. Оюу толгойн гүний уурхайн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд дунджаар 450-500 мянган тонн зэс олборлох бөгөөд өдгөө Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтын төсөл бол яах аргагүй Оюу толгой билээ. Уул уурхай, эрдэс баялгийн салбарт түүчээлэгч, үндэстэн дамнасан Рио Тинто групп болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан компани хэлбэрээр байгуулагдсан. “Оюу толгой” ХХК 4,000 гаруй үндсэн ажилтантай. (2022 оны 8-р сар) Түүнчлэн олон арван байгууллага, компаниудтай гэрээ байгуулан хамтран ажилладаг бөгөөд төслийн хэмжээнд нийт 19,000 гаруй хүн ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг идэвхтэй дэмжиж ажилладаг Оюу толгой компанид энэ оны 8-р сарын байдлаар 28 хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байна. Мөн хамтран ажилладаг гэрээт байгууллагуудыг оролцуулан төслийн хэмжээнд 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн төрөл бүрийн ажлын байранд амжилттай ажиллаж байна.

зураг
 
6 сард болж өнгөрсөн “Анхны хүдэр буулгуурын тэсэлгээ”-ний үеэр(Зургийг Д.Цогт-Эрдэнийн хувийн архиваас авав)

Тэдний нэг нь Өмнөговь аймагт байрлах уурхайд Tактикийн хяналтын ахлагчаар ажилладаг Д.Цогт-Эрдэнэ. Түүний гүйцэтгэх үндсэн ажил нь газрын гадарга дээр байрлах оффисын өрөөнөөс гүний уурхайд ажиллах уурхайчдыг тусгай дэлгэцээр хянаж, цаг тухай бүрд чиглүүлэн зааварчилгаа өгөх. Д.Цогт-Эрдэнэ “Оюу толгой” ХХК-ийн үндсэн ажилтан болохоос өмнө, гэрээт компаниудын нэг “Red Path” компанид есөн жил ажилласан туршлагатай.

Улаанбаатар хотод төрж өссөн ба арван жилийн сурагч байхдаа жил бүр зуны амралтаараа аав, ахынхаа хамт хөдөө орон нутгаар малтлага хийхээр явдаг байжээ. Түүний аав, ах хоёр геологич мэргэжилтэй. Нэг л мэдэхэд өөрийн эрхгүй геологийн салбарт сонирхолтой болжээ. Тиймээс уул уурхайн мэргэжлийг сонгон суралцаж, их сургуулиа төгссөнийхөө дараа нэгэн уул уурхайн компанид ажилд орсон ч жилийн дараа тэр компани үйл ажиллагаагаа зогсоожээ. 2010 оны 3-р сараас “Оюу толгой” ХХК-ийн хамтран ажилладаг гэрээт байгууллагуудын нэг болох “Red Path”-д ажилд орж. Дэлхийд танигдсан томоохон компанийн нэг хэсэг болж ажиллах болсондоо их баярласан гэнэ. 800 метрийн гүнд олборлолт хийх малтлагын хэсэгт ажиллаж байгаад удалгүй ахлах ажилтан болж албан тушаал дэвшсэн байна. Хамт олныхоо итгэл, хүндлэлийг хүлээсэн хариуцлагатай сайн ажилтнуудын нэг болж чаджээ.

Харин 2017 оны 2 сард золгүй осол түүнд тохиолдсон юм. Гэнэтийн ослын улмаас нэг нүд нь харахаа больжээ. Тухайн үед “Red Path” компани Энэтхэг улсад хийгдэх яаралтай хагалгааны зардалд тодорхой хэмжээний мөнгөн тусламж, бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн байна. “Ажлын карьер маань ингээд л дууслаа, цаашид ажил хөдөлмөр эрхлэх чадамжгүй боллоо” хэмээн сэтгэлээр унаж, ирээдүйдээ санаа зовсон удаа нэг биш удаа.

Хагалгаа маань ч амжилттай болж гамаа барьж дуусаад, сэтгэл дундуурхан хүн ажил дээрээ яваад орлоо. Харин тэгтэл санаанд оромгүй сайхан зүйл сонсох нь тэр. Компанийн хүний нөөцөөс далд буюу гүний уурхайн ажилчдад ил уурхайн оффисоос чиглүүлэн зааварчлах зохицуулагчаар ажиллахыг санал болгосон юм. Уул, уурхай бол тухайн ажилтнаас олон жилийн туршлага болон арга барилыг шаарддаг маш хариуцлагатай ажил. “Red Path” компанийн зүгээс түүнийг цаашид энэ салбарт амжилттай ажиллах чадвартай хэмээн үзсэн учраас үргэлжлүүлэн ажиллуулахын тулд шинээр ажлын байр бий болгосон ажээ. Тэрбээр байгууллага, хамт олныхоо итгэлийг дааж улам илүү хичээнгүйлэн ажиллах чин сэтгэлээр дүүрэн буйгаа бахдан ярив.  

Түүнээс хойш 2019 оны 5 сард “Оюу толгой” ХХК-д үндсэн ажилтнаар ажиллах болж, ажил үүргээ маш сайн гүйцэтгэн, ажиллаж байна.

зураг
 
“Red Path” компанид ажиллаж байх үеийн нөхдийн хамтаар. Зүүн гар талаас хоёрт.(Зургийг Д.Цогт-Эрдэнийн хувийн архиваас авав)

Д.Цогт-Эрдэнэ байгууллагынхаа хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудад хандсан олон нийтийн ажилд идэвхтэй дуу хоолойгоо хүргэсээр байна. “Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ нуух бус эсрэгээрээ компанидаа мэдэгдэж, групп тогтоолгосноор нийгмийн хангамжаас гадна бусад ач холбогдол байдаг” талаар түгээхээр зорьж буй.

Би осолд орсныхоо дараа нэг нүд маань харахаа больж хөгжлийн бэрхшээлтэй болсон гэдгээ бусдад хэлэхийг хүсээгүй. Эргэн тойрон, хамт олон маань мэдчихвэл “Хөдөлмөрийн чадвараа алдчихсан, ажил хийж чадахгүй” хэмээх болов уу гэсэн айдастай байлаа.

Хэцүү хүнд бүхнийг сэтгэлийн хатаар даван туулж, осолд орсноос хойш гурван жилийн дараа 2020 онд групп тогтоолгосон гэнэ. “Red Path” компанид хамт ажиллаж байсан төрөлхийн харааны бэрхшээлтэй ажлын хамтрагчтайгаа “Оюу толгой” ХХК-д үндсэн ажилтнаар томилогдон очихдоо дахин таарчээ. Түүнээс “групп тогтоолговол хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд эдлэх боломжтой давуу талууд”-ын талаар мэдэж авчээ. Тухайлбал хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөх, ээлжийн амралтын хоног дээр нэмэлт хоног бодогдох. Тэр даруй байгууллагынхаа хүний нөөцийн ажилтантай ярилцаж зөвлөлдөөд, групп тогтоолгосон юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахад хувь хүн төдийгүй тухайн байгууллагад ч давуу тал байдаг талаар аль болох олон хүнд зөв талаас нь түгээхийг хүсдэг дээ. Тиймээс үндсэн ажил үүргээсээ гадна байгууллагынхаа “Хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголт, хандлага түгээх зорилготой” цуврал видео бичлэгт гар бие оролцож, дуу хоолойгоо хүргэсэн.  Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ нууж, чимээгүйхэн ажиллаж буй хүмүүс олон бий. Тэдний сэтгэлийг хэнээс ч илүү маш сайн ойлгож байна. Гэхдээ бид өөрсдөө нийгэмд дуу хоолойгоо хүргэж, нийгэмд зөв хандлага бий болгож чадвал илүү олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх боломжтой юм болов уу” хэмээн ярих түүний үг нэгийг бодогдуулав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хөдөлмөр эрхэлснээр өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэх боломжтой

зураг
 
Хүү, охин хоёрын хамт инээмсэглэн суух Б.Энхням

Улаанбаатар хот дахь төв оффист хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын төлөөлөл бий.

Багадаа халдварт саа өвчнөөр өвдөж, хөдөлгөөний бэрхшээлтэй болсон Б.Энхням 2021 оноос “Оюу толгой” ХХК-ийн төв оффист  захиргааны ажилтнаар ажиллаж байна. Түүний хувьд өмнө нь хувийн компани, БЗД-ийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан туршлагатай.

Б.Энхням Монголын баруун хязгаар Ховд аймагт гурван охинтой айлын дунд охин болон төрсөн. Өвөө эмээ дээрээ өссөн тэрбээр 13 насандаа Дархан-Уул аймаг руу очиж ээж аавтайгаа хамт амьдрахаар болжээ. Түүний амьдралдаа гаргаж байсан хамгийн том бөгөөд чухал шийдвэрүүдийн нэг бол 22 насандаа Энэтхэг улс руу суралцахаар болсон явдал. Тухайн үед ээж нь хөгжлийн бэрхшээлтэй охиноо хүний нутагт хол явж суралцахыг эсэргүүцэж байсан ч түүний хүсэл тэмүүлэл ээжийнх нь эсэргүүцлийг дийлжээ. Харин Энэтхэг улсын боловсролын тогтолцоо, сурах сургууль, эзэмших мэргэжил гээд бүгдийг судалсан охиноо хараад аав нь бүхий л талаар дэмжсэн байна.

Энэтхэгийн өмнөд хэсэгт байрлах технологийн өлгий нутаг Бангалор хотод англи хэлний бэлтгэлд 6 сар гаруй хугацаанд суралцаад, хүний нөөц-санхүү менежментийн чиглэлээр 2 жилийн хугацаанд магистрын зэргээ амжилттай хамгаалжээ. Их сургуулиа төгсөөд Бангалор хотын нэгэн банканд ажиллаж байгаад нөхөр Сэмтэйгээ танилцаж, том охиноо төрүүлэв. Энэтхэг улсад мэдлэг боловсролоо дээшлүүлэн амжилттай ажиллаж өөрийн зорилгоо биелүүлсэн нь үнэхээр бахархууштай. Удалгүй нөхөр охины хамт эх орондоо эргэн ирээд, хоёр жилийн дараа бага хүүгээ төрүүлжээ.

зураг
 
Гэр бүлийнхээ нандин агшинг буулгасан зургаар зочны өрөөгөө чимэглэжээ

Түүний нөхөр ч бас “Оюу толгой” ХХК-д ажилладаг. Түрүүлж ажилд орсон нөхөр нь Өмнөговь аймаг дахь гүний уурхайд Мэдээллийн технологийн инженерээр ажиллаж байна. Уурхайн бусад ажилтны  адил хоёр долоо хоног уурхайд ажиллаж, хоёр долоо хоног хотод амардаг. Харин Б.Энхням ажлын зарыг интернэтээс хараад анкетаа илгээж, бүх сонгон шалгаруулалтыг амжилттай давснаар үндсэн ажилтан болсон юм. Энэтхэг улсад эзэмшсэн англи хэл, бусад ур чадвараа ашиглан өдгөө амжилттай ажиллаж байна.

Гэрээсээ машинаар ажил руугаа очоод, тэргэнцэр дээрээ суугаад оффис руугаа орохын тулд Шангрила зочид буудлын хонгилын давхрын машин зогсоолоор дамжиж орно. Машинаа ил зогсоолд тавих боломжгүй учраас заавал хэн нэгнээр ажилдаа хүргүүлэх хэрэгтэй байлаа. Харин Оюу толгой компаниас Шангрила зочид буудалтай гэрээ байгуулан Б.Энхнямыг зочид буудлын зориулалтын зогсоолд машинаа тавих боломжоор хангажээ. Ингэснээр машинаасаа буугаад цахилгаан шатаар өгсөөд оффис руугаа ямар ч саадгүй орж гарах боломжтой болсон байна. Түүнчлэн Б.Энхнямыг төв оффист ажиллах болсноор хамт олонд нь олон эерэг өөрчлөлт гарсан гэнэ. Хамт ажиллаж буй Ц.Номин “Б.Энхнямыг ажилд орсноос хойш ажлын өрөөний усны сав хэтэрхий өндөрт байгааг, бидний байнга явж өнгөрдөг зам талбай шат, босго ихтэй буюу тэргэнцэртэй хүмүүст хүртээмжгүй байсныг анзаарч мэдсэн” хэмээн ярьж байлаа.

Б.Энхням DPUB2 төслийн нэгдүгээр шат буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн хүрээнд хэрэгжиж байсан “DET (Disability Equality Training=Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай)” сургалтад хамрагдаж, “Хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй гэж ялгалгүй хувь хүн бүрийн онцлогийг хүлээн зөвшөөрсөн хамтын нийгмийг бий болгох” талаар маш сайн ойлголттой болсон нэгэн. Түүний чин хүсэл бол “Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварын үзэл баримтлалыг Монголд түгээн дэлгэрүүлэх” Тиймээс ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хөдөлмөр эрхэлснээр өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэх боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Хүний нөөцийн алба бусад алба хэлтэстэйгээ нягт уялдаатай ажиллаж, нийт хамт олныхоо хандлага ойлголтыг сайжруулахаар зорьж байна

зураг
 
“Оюу толгой” ХХК-ийн Хүний нөөцийн зөвлөх Д.Одгэрэл (баруун гар тал), Авьяас, ур чадварын мэргэжилтэн Ц.Цолмон (зүүн гар тал)

“Оюу толгой” ХХК-д Д.Цогт-Эрдэнэ болон Б.Энхням нараас гадна өөр өөр төрлийн бэрхшээл бүхий хүмүүс Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор, гүний уурхайн тээвэрлэлтийн хянагч гэх мэт олон төрлийн ажлын байруудад ажиллаж байна.

Оюу толгой компанийн Хүний нөөцийн зөвлөх Д.Одгэрэл болон Авьяас, ур чадварын мэргэжилтэн Ц.Цолмон нар “1300 гаруй метрийн гүнд буюу гүний уурхайд ажиллах нь ил уурхайд ажиллахаас орчин, нөхцөлийн хувьд тэс өөр. Машин, техникээс хамаарах ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд ажиллах боломжоор бүрэн хангах ёстой байдаг” хэмээн онцлон ярьж байлаа. Мөн гэр бүлээсээ хол хагас сар гаруй хугацаанд уурхайдаа байрлан ажилладаг онцлогтой. Тиймээс уурхайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах тохиолдолд эрүүл мэнд, аюулгүй байдал талаас маш сайн үнэлгээ хийх шаардлага гардаг. Манай компанийн хувьд яг энэ зарчмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан алба болон хүний нөөцийн албаныхан хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтан бүрийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран тохирсон ажлын байранд нь ажиллуулахыг зорин ажиллаж байна.

Цаашид сайжруулах, суралцах зүйлс ч их бий. Нийт хамт олныхоо хөгжлийн бэрхшээлийн талаарх хандлага, ойлголтыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, сургалт тасралтгүй зохион байгуулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэйгээ нуудаг ажилтнууддаа нийгмийн хангамжийн асуудлыг хууль, эрх зүйн талаас зөв зүйтэй тайлбарлан хүргэж тэднийг эдлэх ёстой боломжуудаа мэдэж авах тал дээр шаардлагатай зохицуулалтыг хийх хэрэгтэй байгаа. “Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд хандлагын түвшинд нөлөөлөх ажил тасралгүй зохион байгуулахаас гадна тохирох хэрэглэгдэхүүнээр хангах тал дээр анхаарч ажиллах бодлого баримталж байна. Нийт хамт олныхоо сэтгэл амар, таатай ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд бид цаг ямагт суралцаж хөгжих ёстой байдаг даа” хэмээн Д.Одгэрэл ярив.

Хамт олныхоо хөгжлийн бэрхшээлийн хандлага, ойлголтыг нэмэгдүүлэхээр  хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэмд эерэг нөлөөллийн ажил хийдэг төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж байна. Мөн манай компанийн ажилтан, болон Оюу толгой төсөлд гар бие оролцож буй гэрээт компаниудын ажилтнууд өөрийн танил хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд зуучлах тохиолдол бий. Энэ тохиолдолд хүний нөөцийн алба тухайн хүнд тохирох ажлын байр шинээр зарлагдах тохиолдолд тухайн хүнтэй холбогдож, анкетаа ирүүлэхийг зөвлөх, тухайн зар гаргасан баг хэлтсийн удирдах ажилтантай хамтран ажиллаж, тухайн хүнийг ажилд авахыг санал болгох  замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг идэвхтэй дэмжин ажиллаж байна.

Д.Цогт-Эрдэнэ шиг өөрийн түүх, туршлагаа бусадтай хуваалцаж нэгэндээ эерэг хандлагаар нөлөөлж буй ажилтнууд ч нэмэгдэж байгаа.

 “Оюу толгой” ХХК Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмрээ оруулан ажиллахын төлөө чадварлаг мэргэшсэн багийг бүрдүүлэн, ажилтан нэг бүрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хүн бүрийг тохирсон ажлын байранд хуваарилан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууддаа мэдээллийг зөв зүйтэй талаас хүргэж, тэднийг хөдөлмөр эрхлэх, нийгэмд идэвхтэй байх боломжийг олгож буй “Оюу толгой” ХХК-д ажлын өндөр амжилт хүсье. Цаашид Монгол Япон хоёр улсын Засгийн газрын хүрээнд хэрэгжих “Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ээр дамжуулан олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Байгууллагын мэдээлэл:

Байгууллагын нэр

Оюу толгой ХХК

Үйл ажиллагаа

Уул уурхай, ашигт малтмал олборлогч

Нийт ажилтны тоо

Группийн хэмжээнд (Хамтран ажилладаг байгууллага, төслүүд багтсан)

Ойролцоогоор 19000 гаруй хүн (2022 оны 8-р сарын байдлаар)

Нийт ажилтны тоо

“Оюу толгой” ХХК

Ойролцоогоор 4000 гаруй хүн (2022 оны 8-р сарын байдлаар)

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо

Группийн хэмжээнд (Хамтран ажилладаг байгууллага, төслүүд багтсан)

Ойролцоогоор 150 хүн (2022 оны 8-р сарын байдлаар)

(Хараа, бие эрхтэн, хэл ярианы бэрхшээл)

 

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо

“Оюу толгой” ХХК

28 хүн (2022 оны 8-р сарын байдлаар)

  • Төв оффис: 8 хүн
  • Гүний уурхай: 20 хүн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах болсон шалтгаан

  • Оролцоо, ялгаатай байдлыг дэмжих
  • Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх алсын хараагаа амьдралд хэрэгжүүлэх

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • Бэрхшээлийн онцлогт нь тохирсон тохируулга болон ажил үүргийн хуваарилалт хийх
  • Ажлын байрны орчны үнэлгээ хийх, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Төрийн бус байгууллагатай хамтран нийт ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт өгөх сургалт, арга хэмжээг зохион байгуулах

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222