Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Ард түмэн өдөр болгон хар нулимстай, эрх баригчдын хувьд цагаан сар болж байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр сөрөг хүчин буюу АН-ын төлөөлөл гишүүн мэдэгдэл хийв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ханшийн өсөлт, юмны үнэ, ард түмний амьдрал ямар байгааг, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдал харагдаж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаас сар ба хар нулимс" гээд зохиол байдаг. Ард түмний хувьд өдөр болгон хар нулимс, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон хуулийн үйлчлэл адил хүчин төгөлдөр. Гэтэл ээлжит бус чуулганаар, ковидын хүнд байдлын дараа эрх баригчид өөрийн хэдэн хүүхэлдэй, ялангуяа манай намын нөхдүүдийг худалдаж аваад энэ нөхцөл байдлыг бий болгосон. 

Өнөөдөр УИХ Улсын Их Хурал биш болсон. Засгийн газар 30, 40 сайдтай болчихсон. Гэтэл ард түмний амьдрал ямар байна. УИХ, Үндсэн хуулийн гол утга санаа нь Их хурал гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалд хяналт тавьж ажиллах ёстой. Шүүх засаглал тусдаа ажиллах ёстой. Бие биедээ харилцан хяналт тавих утга учир нь үүнд байдаг юм. Үүнийг дагаад хүний эрх чөлөө, ард түмний амьдралыг баталгаажуулж өгөх ёстой нөхцөлийг байхгүй болголоо.

УИХ өргөсөн тангарагтаа үнэнч биш байна. Өнгөрсөн хоёр жилд МАН-ынхан жангийнхан нийлж Монгол Улсын эдийн засгийг унагалаа. АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа юм алга. Тиймээс ард түмэнтэйгээ хамт даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгох талд АН болон миний бие ажиллана.

Амьдрал маш хүнд байна. Төсвийн болон төрийн хэмнэлтийн хууль гэж гаргасан нь нэр төдий. Өглөө чуулган нээхэд АН-ын бүлэг гэж байхгүй, дотоод асуудлаа өөрөө шийдэх ямар ч боломжгүй. Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн байхад үл хэрэгсэн манай намын бүлгийн дотоод асуудалд МАН оролцож байна. Энэ нь УИХ, Засгийн газар, эрх баригчдыг хяналтгүй болгох үйл ажиллагаа явуулж байгаа юм гэдгийг та бүхэнд хэлье.

Цаашдаа ард түмэн сонор сэрэмжтэй байх, хэвлэл мэдээллийнхэн бузар муухай үйл явдлыг илчилж явахыг бас хэлье" хэмээн ярилаа.

Түүнчлэн Монгол Улсад хуулийг дээдлэх ёстой хүмүүс УИХ, эрх баригчид. Гэтэл албан тушаалаар авлига өгч байна, хүмүүсийг худалдаж авч байна, УИХ-ын гишүүд хоорондоо наймаалцаж АН, МАН гээд байх юм алга хэмээв.

Тэрбээр "Олон жил хуулийг гартаа барьж байсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна. Би чуулганы нээлт дээр эсэргүүцлээ илэрхийлж өөрийн гишүүний картыг УИХ-ын дарга Занданшатарт нь аваачиж өглөө. Үүгээрээ УИХ нь УИХ биш болсон, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалд эрх мэдлээ шилжүүлээд хяналт тавих боломжгүй болсныг илэрхийлж байгаа юм" гэлээ.