Уншиж байна ...

А.Энхжин: Орос иргэдийн урсгалтай холбоотой санхүүгийн зах зээлд нөлөөлөх хэмжээний валютын өөрчлөлт гараагүй

Р.Оюун
2022 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3,278.69, Найман шарга дээр 3,300 давснаас гадна арилжааны банкууд өөрсдийн дотоод шийдвэрийн хүрээнд валютын арилжааг хязгаарлаад буй. 

Энэ нөхцөл байдлын талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин тайлбар өгсөн юм. 

Монгол Улсын валютын нөөц сүүлийн найман сарын хугацаанд 1.7 тэрбум ам.доллароор буурч 2,695 сая доллар болоод байна. Үүнд төлбөрийн тэнцлийн алдагдал голлон нөлөөлсөн хэмээн Монголбанк тайлбарлаж байна. 

Нүүрсний экспорт биет хэмжээгээр нэмэгдэж байгаа нь төлбөрийг урьдчилсан авсантай холбоотойгоор валютын орох урсгал байхгүй нь бас нэгэн хүчин зүйл байгаа аж. 

"Нүүрсний экспортын бодит орлого арав, арваннэгдүгээр сараас орж ирэхээр байгаа тул тэр үеэр ханш тогтворжино гэсэн хүлээлттэй байна. 2022 онд багтаж арилжааны банкууд гаднаас 415 сая ам.долларын зээл авахаар төлөвлөснөө мэдэгдсэнээс гадна ОУВС болон гаднын банкны 200 сая ам.долларын санхүүжилт орж ирэх юм. Ингэснээр 2022 онд 600 гаруй сая ам.доллар орж ирнэ гэсэн тооцоотой байна" хэмээн А.Энхжин ярилаа.

ОХУ-д болж буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын хилээр нэвтрэх орос иргэдийн тоо нэмэгдсэн мэдээлэл байгаа. Хил хамгаалах газрын тоон мэдээллээс харвал орж ирснээсээ дутахааргүй олон орос иргэн хилээр гарсан байгаа юм. Энэ нь валютын нөөцөд ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа эсэхэд сүүлийн үед судалгаа явуулсан эсэхийг түүнээс тодруулахад "Энэ асуудалтай холбоотой Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарсан. Үүнд Монголбанк мөн багтсан бөгөөд долоо хоног тутамд хилээр орж, гарч байгаа бэлэн болон бэлэн бус валютыг хянаж байгаа. Одоогоор санхүүгийн зах зээлд нөлөөлөхүйц хэмжээний өөрчлөлт гараагүй" хэмээн хариуллаа.