Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ цаашид элэгний дельта вирусийг илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээг хийнэ"

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Лабораторийн шинжилгээний чанар хангалт, чанарын гадаад үнэлгээний төрлүүд, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт сургалт өнөөдөр боллоо.

Энэ үеэр 2022 оны байдлаар ХӨСҮТ-ийн үндэсний чанарын гадаад хяналтад иммунологийн чиглэлээр Хепатитын B, C вирус, ДОХ/Тэмбүүгийн үүсгэгчээр 121 лаборатори, нян судлалын чиглэлээр 63 лаборатори хамрагдсан тайлан, үр дүнг танилцуулсан юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Өнөө цаг үед эмгэг төрүүлэгч нянг зөвхөн илрүүлэхээс гадна нянгийн эсрэг антибиотикт тэсвэрлэх чадварыг зөв үнэлэх, эмнэлгийн дотоод халдварын асуудал, нянгийн тэсвэржилтийг хяналтын дэлхийн суурь сүлжээнд нэгтгэх, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг бүрдүүлэх зэрэг нь тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа” хэмээн нээлтийн үеэр онцолж байлаа.

Мөн ХӨСҮТ нь оношилгооны практикт шинэлэг Хепатитын Д вирусийн ачаалал тоолох шинжилгээний олон улсын чанарын гадаад хяналтад хамрагдаж сайн үнэлгээ авснаа мэдээлэв.

"Бусад лабораториуд элэгний дельта вирусийг илрүүлэх шинжилгээг нэвтрүүлэхдээ заавал олон улсын чанарын хяналтын хөтөлбөрт хамрагдана"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэр “ХӨСҮТ өнгөрсөн хугацаанд хепатит В, С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээ дээр чанарын хяналт явуулж байсан. Одоо бид хепатитын дельта вирусийг илрүүлэх, ачааллыг тоолох шинжилгээ дээр үндэсний чанарын гадаад хяналтыг шинээр нэвтрүүлэх гэж байна.

Оношилгооны практикт шинээр орж ирж буй энэ үзүүлэлтүүдийн чанарын хяналтыг улсын хэмжээнд хийхийн тулд ХӨСҮТ өөрөө олон улсын чанарын хяналтын байгууллагаар мөн шалгуулан хянуулсан байх ёстой. Харин ХӨСҮТ өнгөрсөн онд ийм хөтөлбөрт хамрагдаж амжилттай үр дүн авсныг өнөөдөр танилцуулж байгаа.

Монголчуудын дунд олон тохиолддог болсон элэгний үрэвсэл, хавдар, хатуурал зэрэг өвчнийг үүсгэх гол үндсэн суурь нь хепатит В, С вирус байдаг. Тэгвэл нэмэлтээр элэгний дельта вирусийн халдвар хавсарч авсан хүн маш хүнд хэлбэрээр, маш хурдан хугацаагаар элэгний хавдар, хатуурал үүсэх магадлалтай гэх судалгаа бий.

Бид өнгөрсөн хугацаанд элэгний В болон С вирусийг илрүүлээд тоолоод сурчихлаа. Харин одоо дельта вирусийг илрүүлдэг, ачааллыг нь тоолдог болох хэрэгтэй. Энэ гурван вирусийн халдварыг эрт илрүүлбэл тухайн өвчтөнд эрт арга хэмжээ авч, хүндрэлээс сэргийлж чадах юм.

Эрүүл мэндийн даатгалын газраас элэгний дельта вирусийн оношилгоонд санхүүжилт өгөхдөө олон улсын чанарын гадаад хяналтад хамрагдаж тэмцсэн байх ёстой гэсэн шалгуурыг тавьж байгаа. Тиймээс өмнө нь элэгний В, С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээ хийж байсан лабораториуд дельта вирусийг илрүүлэх шинжилгээг нэвтрүүлэхдээ заавал олон улсын чанарын хяналтын гадаад хөтөлбөрт заавал хамрагдах шаардлага бий болж буй.

Одоогоор ХӨСҮТ энэ шалгуурыг давсан учраас дельта вирусийн илрүүлэг, ачаалал тоолох шинжилгээг цаашид хийнэ гэсэн үг” хэмээн ярилаа.