Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Гантулга: Нойргүй хонох нь тэнэгрэлд өртөх эрсдэлийг 2-3 дахин нэмэгдүүлдэг

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд үндэсний чуулган өнөөдөр болж байна. Энэ үеэр нойргүйдэл хүний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн их эмч Ж.Гантулгаас тодруулснаа хүргэж байна. 

Тэрбээр "Нойр нь хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ. Эрүүл сэтгэл зүйтэй амьдаръя гэвэл өдөрт 6-8 цаг сайтар унтаж амарч байх нь зүйтэй. Нойрыг ялан дийлэх гэж хичээх хэрэггүй. Үр дүнтэй ажиллаж суралцъя, сэтгэл хангалуун амьдаръя гэвэл сайн унтаж амарч, тархи толгойгоо амраах нь чухал. Сэтгэцийн эмгэгийн суурь нь нойртой шууд холбоотой байдаг. Шөнөжин сууж ажил, хичээлээ хийнэ гэдэг бол ард хоцорсон амьдралын хэв маяг.

Сүүлд гарсан судалгаанаас харахад, нойр дутуу явсан хүн тэнэгрэл буюу альцгеймер өвчинд өртөх эрсдэл өндөр байна. Өөрөөр хэлбэл, нойргүй хоносон хүнийг сайн унтаж амардаг хүнтэй харьцуулахад альцгеймерийн өвчинд өртөх эрсдэл 2-3 дахин илүү байна. Унтаагүй хоносон шөнө болгон, нойр дутуу явсан хором бүрд бидний мэдрэлийн эсүүд хэзээ ч дахин сэргэхгүйгээр устаж байдаг.

Шөнийн 23:00 цагт орондоо ороод унтаж амрах ёстой. Тогтсон цагтаа унтаж амраагүйгээс архаг ядаргаанд орох, сэтгэл түгших, амьдралд тулгарч байгаа бэрхшээлийг даван туулж чадахгүй улмаар стресст өртөх гэх мэтчилэн асуудал тулгарна. Цаашилбал, стресс бухимдлаа даван туулахын тулд архи согтууруулах ундаа руу хөтлөгдөж байгаа юм. Сайтар унтаж амрахгүй байх нь маш олон асуудлын суурийг зохиомлоор бий болгож байна. Зүйрлэж хэлбэл, нойр дутуу явах болгондоо та өрөнд орж байгаагаас ялгаагүй" хэмээн хэлэв.

"Нойргүй хонох нь зам тээврийн ноцтой осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг"

Мөн үргэлжлүүлэн "Залуу хүмүүс бие махбодын хувьд аливаад дасан зохицох чадвар сайтай байдаг. Тиймээс ч нойрны асуудлаа нэг хэсэгтээ зохицуулаад явж чаддаг. Гэтэл хүний энергийн нөөц аажмаар шавхагдаж эхэлнэ.

Хүний бие махбодын эрч хүч, энергийн 70 хувь нь ашиглагдаж, 30 хувь нь нөөцөд үлддэг хэмээн үздэг. Хэрэв 70 хувийн нөөцөө ашиглаад, үлдсэн энергиэ зарцуулж дуусгасан бол сүүлдээ шөнийн нойроор архаг ядаргааг тайлах боломжгүй болдог. Энэ нь нойргүйдэлд хүргэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, танд унтах цаг байсан ч унтаж амарч чадахгүй болчихдог гэсэн үг. Заримдаа унтаад сэрсэн ч бие нь амраагүй байх, хар дарж зүүдлэх, шөнө олон дахин сэрэх зэрэг асуудал үүснэ.

Түүнчлэн зам тээврийн осол гарч буй шалтгааныг судалж үзэхэд архи, согтууруулах ундаа хэрэглэснээс гадна нойргүй хоносноос үүдэлтэй байна. Таны бие махбод унтаж амарч чадаагүй бол төвлөрөх чадвар, анхаарал хуваарилалт, самбаачлах хугацаа бүгд буурна. Улмаар зам тээврийн ноцтой осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээх судалгаа гарсан. Цаашилбал, ажил албандаа энгийн алдаа гаргах магадлал өсдөг.

Нэг шөнө нойргүй явахад 2-3 өдрийн бүтээмжийг бууруулдаг.

Өмнө нь шөнөжин унталгүй хичээлээ хийсэн хүүхдүүдийг магтаж сайшаах хандлагатай байсан. Энэ айлын гэрэл шөнөжин асаалттай байдаг, хүүхдүүд нь хичээл номоо давтаад хонодог гэж магтдаг. Гэтэл энэ хандлага үндсээрээ өөрчлөгдсөн. Ажил амьдралдаа ийм маягаар хандвал цагийн менежмент муутай, ядарсан л амьтан болж хувирна. Цаашилбал, оюутан сурагчдын ирээдүйн амжилтад ч сөрөг нөлөөтэй. Хамгийн гол нь хийх ёстой зүйлийг хийх цагт нь амжуулбал илүү эрүүл, эрч хүчтэй, бүтээмжтэй, ажил амьдрал нь тэгш явах боломж бүрдэж байгаа" гэв.