• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...

Францын кино од Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэрэгтээ 18 сарын тэнсэн харгалзах ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Францын кино урлагийн домогт зүтгэлтнүүдийн нэг Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтээ шүүхээс 18 сарын тэнсэн харгалзах ял сонссон байна.

Тэрбээр 2021 онд тоглосон киноныхоо зураг авалтын үеэр хоёр эмэгтэйн биед халдсан хэрэгт буруутгагджээ.

Бас нэрт жүжигчнээр 29,040 еврогийн торгууль төлүүлэх шийдвэр гарч, шүүх түүний нэрийг бэлгийн гэмт хэрэгтнүүдийн үндэсний мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтийг гаргахаар болжээ.

76 настай Депардье “Les Volets Verts” киноны зураг авалтын үеэр 54 настай тайз засагч, 34 настай туслах хоёр эмэгтэйн биед зөвшөөрөлгүй халдсаныг шүүх тогтоосон байна.

Депардье ийм үйлдэл гаргаснаа эрс үгүйсгэж байжээ. Тэрбээр өчигдрийн шүүх хуралд өөрөө байгаагүй, өмгөөлөгчөө оролцуулсан юм. Өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

“Энэ бол хоёр эмэгтэйн ялалт төдий биш, энэ шүүх хурлаас хойших бүх эмэгтэйчүүдийн ялалт юм. Өнөөдөр бид кино урлагийн ертөнцөд тогтсон уран бүтээлчдийн дархлагдсан байдлыг халах цаг ирсэн гэж үзэж байна. Каннын наадам эхэлж буй энэ өдөр кино урлагийн ертөнц Депардьегийн хохирогчдын талаар бодож үзээсэй гэж би хүсэж байна” гэж хохирогчдын өмгөөлөгч шүүх хурлын дараа хэлсэн байна.

250 гаруй дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн Депардье нь Францын кино урлагийн томоохон зүтгэлтэн юм.

Тэрбээр сэлэмчин, яруу найрагч Сирано де Бержеракын дүрээр 1991 онд Оскарын шагналд нэр дэвшиж байв.

Тайз засагч эмэгтэй кино зураг авалтын үеэр нарийн хонгилоор зөрж өнгөрөхдөө Депардье түүний хоёр хөлийн завсраар хуруугаа оруулан чимхэж байсныг мэдүүлжээ.

Бас өгзгөөс нь барьж, бүх биеийг нь илж таалж, өөрийн бэлэг эрхтнийг барихыг шаардаж, түүнийг хүчиндмээр байгаагаа тоглоом шоглоомоор хэлж байсныг мэдүүлсэн юм.

Хоёр дахь хохирогч Депардьег кино зураг авалтын хугацаанд гурван удаа хөх, өгзгийг нь барьж базалсныг мэдүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд нэрт жүжигчнийг 20 гаруй эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байсан ч анх удаа шүүхээр шийдэгдэж байгаа нь энэ юм.

Өмнөх хэргүүдийн зарим нь нотлох баримт хангалтгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг шалтгаанаар хэрэгсэхгүй болж байжээ.

Одоо Депардьед шүүхийн шийдвэр хүлээж байгаа өөр хэд хэдэн хэрэг бий. Тухайлбал жүжигчин Шарлот Арногийн 2018 онд гэртээ хүчиндүүлсэн гэх хэрэг хүлээгдэж байгаа. 2024 оны наймдугаар сард прокурорууд энэ хэргийг шүүхэд шилжүүлж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press