АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхны гадаад айлчлал өчигдөр Саудын Араб улсаас эхэллээ.
Тэрбээр дараа нь Персийн булангийн Катар, Арабын Нэгдсэн Эмират улсуудад үргэлжлүүлэн айлчлах юм.
Айлчлалын эхний өдөр Саудын Араб улс АНУ-аас $142 тэрбумын зэр зэвсэг худалдан авах гэрээ байгуулжээ.
Үүнээс гадна АНУ-д нийтдээ $1 их наядын хөрөнгө оруулах бусад салбарын гэрээнүүдийг байгуулж буйг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж зарласан байна.
Нийслэл Рияад хотод болсон хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Дональд Трамп “АНУ-д Саудын Араб шиг хүчтэй түнш байхгүй” гэж магтжээ.
Энэ үеэр тэр бас иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири улсын эсрэг зарласан эдийн засгийн бүх хориг арга хэмжээгээ цуцлах амлалт өгсөн байна.
Трамп өмнөх засаг захиргааныхаа үед анхны гадаад айлчлалаа бас Саудын Арабаас эхэлж байжээ.
“Тэр надад их таалагддаг. Тиймээс ч бид ийм их зүйл өгч байгаа юм” гэж Трамп угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманд тал зассан байна.
Тэрбээр Ойрх Дорнодын айлчлалдаа тэрбумтан Илон Маск, OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн, BlackRock компанийн гүйцэтгэх захирал Ларри Финк, Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан зэрэг бизнесмэнүүдийн төлөөллийг дагуулжээ.
Энэ үеэр Nvidia компани Саудын Арабын Humain компанид 18,000 гаруй ширхэг сүүлийн үеийн хиймэл оюуны чип нийлүүлэх болсныг зарласан байна.
Дональд Трамп бас Саудын Араб улсыг өөрийнхөө эхний бүрэн эрхийн хугацаанд Израил, Персийн булангийн орнуудын харилцааг сайжруулах зорилгоор байгуулсан Абраамын Гэрээнд нэгтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Гэвч түүний сайн найз хунтайж Мохаммед бин Салман хэлсэн үгэндээ Газын зурваст энх тайван тогтож, Палестины улс байгуулагдах хүртэл ийм зүйл болохгүйг тодорхой мэдэгдсэн байна.
Нөгөө талаар Сирийн хоригийг цуцлах Трампын амлалт нь хунтайжийн хүсэлтийн хариу байжээ.
Сирийн дарангуйлагч асан Башар аль-Ассадын дэглэмийн эсрэг зарласан АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ арав гаруй жил үргэлжилж байгаа.
Өнгөрсөн оны сүүлээр босогчид Ассадын дэглэмийг түлхэн унагаж, шинэ засгийн газраа байгуулсан юм. Трампын амлалтыг Сирийн гадаад хэргийн сайд Асаад Шибани тус улсын сэргэлтийн “шинэ эхлэл” хэмээн тодорхойлжээ.
Трамп айлчлалын хоёр дахь өдрөө буюу өнөөдөр Саудын Араб улсын нийслэлд Сирийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзаж магадгүй байна.
Дараа нь тэр АНУ-д ойрын арван жилийн дотор нийтдээ $1.4 их наядын хөрөнгө оруулахаа амлаад буй Катар, Арабын Нэгдсэн Эмират улсуудад айлчилна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!