Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын хил дээрээс шалтгаангүй буцаагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр тус улсын Элчин Сайдын Яам (ЭСЯ)-ны гадаа эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага хүргүүлэв.
Энэ талаар иргэн н.Соёл-Эрдэнэ "Би анх 2019 онд БНСУ-д очоод нэг сарын дараа буцаж байсан. Энэ удаад нөхөртэйгөө цуг визэд ороод гарсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд визийн хүсэлтээ өгөөд ойролцоогоор 20 орчим хоногийн дараа бид хоёрын визийн хариу ирсэн.
Нөхрийнхөө ээлжийн амралтыг аваад тавдугаар сарын 12-ны 18:35 цагаас Улаанбаатараас нисэж, БНСУ-д 22:35 цагт буусан. Уг нь зургаадугаар сарын 4-нд буцахаар төлөвлөсөн байв.
Миний хувьд Инчоны шалган нэвтрүүлэхээр нэвтэрсэн ч нөхрийг маань нэвтрүүлээгүй. Бид хоёрын бүх бичиг баримт ижил атал нэгийг нь нэвтрүүлээд нөгөөг маань оруулаагүй. Хэсэг хугацааны дараа гаалийн ажилтнууд намайг дуудаад хойд өрөө рүү оруулсан. Тэр өрөөнд надтай хамт тухайн онгоцоор ирсэн найман иргэн байсан. Ойролцоогоор 3-4 цаг болсны дараа түр саатуулах өрөө рүү авч явсан.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ, Гадаад Харилцааны Яам (ГХЯ) болон Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т хандаж БНСУ-ын хил дээр хүний эрх зөрчигдөж байгаа талаар гомдол, мэдээлэл хүргүүлж байна.
Тухайн үед миний эрхийг яаж зөрчсөн бэ гэвэл утсыг минь зөвшөөрөлгүй авч яваад 20 орчим минутын дараа буцааж өгсөн. Үүний дараа надаас олон асуулт асуухад бүгдэд нь хариулаад шаардлагатай бүх бичиг баримтаа үзүүлсэн. Сүүлдээ миний цүнхэнд байгаа мөнгийг тоолоод, банканд байгаа дансыг маань шалгах хүсэлт хүртэл тавьсан.
Инчоны буудлаас буцсан Монголын найман иргэн ямар шалтгаанаар буцаж байгаагаа мэдэж чадаагүй. Ямар шалтгаанаар буцаж байгаагаа мэдчихээд буцъя гээд орчуулагч авахыг хүссэн ч үл тоосон.
Хагас дутуу англиар ярьж саналаа илэрхийлсэн ч тоогоогүй.
Битүү орчинд, ямар ч цонхгүй өрөөнд саатуулагдаж байхад нэмээд 2-3 иргэн орж ирсэн. Нэг өдөрт ойролцоогоор 10 гаруй хүнийг ямар ч шалтгаангүй буцааж байна.
Уг асуудалтай холбоотойгоор БНСУ-ын ЭСЯ болон ГХЯ-д хандаж зургаан шаардлага тавьж байна. Үүнд:
Мөн надад БНСУ-д орох тамга дарсан ч гарсан тэмдэглэгээг дараагүй. Миний визийн хугацаа дуустал хилээр гарсан тамгаа даруулахгүй бол тус улсад харласан гэж бүртгэгдэнэ. Тиймээс хилээр гарсан тамга дарахыг БНСУ-ын ЭСЯ-наас шаардаж буй юм.
Энэ бүх шаардлагаа тус улсын хил дээр байхдаа гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч тус улсад суугаа Монголын ЭСЯ-наас тэнд байхад хүсэлтээ гаргах боломжгүй, Монголд очсон хойноо шаардлагаа хүргүүлбэл бидэнд ирнэ гэж мэдэгдсэн учраас Монгол руу буцах шийдвэр гаргасан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!