Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд явган замын хуучин хавтангуудаас эвдрэл гэмтэл багатай ашиглаж болохуйц хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэж өгчээ.
Тухайлбал Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, “Ган Палас” орчимд төв замаас гарсан хуучин хавтангаар явган хүний зам, талбайг засварлаж байгаа аж.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн дүүргүүдэд явган хүний замаас хуулж авсан ашиглах боломжтой хуучин хавтангуудаар тохижилтын ажлууд хийгдэж байна.
Харин ашиглах боломжгүй гэмтэлтэй хавтангуудыг барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж, дахин боловсруулалтад оруулж байна” хэмээн тодотгов.
Баянгол дүүргийн ЗДТГ-ын тохижилтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүргийн хэмжээнд шинээр 11 байршилд явган хүний зам төлөвлөсөн. Төлөвлөсөн хугацааны дагуу найман байршилд хийж буй явган хүний замын ажлыг гүйцэтгэж дууссан. Үлдсэн гурван байршилд явган хүний замыг засварлах ажил есдүгээр сард бүрэн дуусна.
Байгалийн чулуугаар шинэчилж буй явган хүний замаас хуулсан хуучин хавтангийн эвдэрч гэмтээгүй хэсгийг ашиглан дүүргийн хэмжээнд орон нутгийн байгууллагыг дэмжин 23 байршилд 1,520 ам.метр явган хүний зам болон ус тогтдог хэсгүүдэд зам талбайг засварлан, шинэчилж байна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!