Баруун дөрвөн зам дагуух явган хүний замын шинэчлэлтийн талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өглөө.
Тэрбээр "Баруун дөрвөн замын Барилгын хөгжлийн төвийн урд хэсгийн явган хүний замын хэсэгт өнөөдөр кабелийн сувагчлалын ажил эхэлнэ. Улаанбаатар хотод 1997 оноос хойш 29 жилийн дараа дохиолол холбооны кабелуудыг газар доогуур сувагчилж байгаа юм.
Тус байршлын явган хүний шоон замыг авч, чулуугаар солино. "Шоон зам нь тэрэгтэй хүүхэд түрж явах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өсгийтэй гуталтай бүсгүйчүүд явахад хүндрэлтэй байна" гэсэн гомдол ирдэг. Хуулж авсан шоонуудыг дүүргүүдэд хүлээлгэж өгөх юм. Уг замыг тамын шоо ч гэж нэрлэсэн байдаг" гэлээ.
Энэ жил Улаанбаатар хотод 15 байршилд явган хүний 59.6 километр урт, 215,397м.кв талбай бүхий замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байгаа билээ. Явган хүний замын хавтанг чулуугаар сольж, шинэчлэх ажлыг гүйцэтгэж дуусах хугацаа:
- Төв шуудан орчмын явган хүний замын засвар, шинэчлэлтийг есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд дуусгана.
- Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын хавтанг чулуугаар солих ажлыг есдүгээр сарын 25-н хүртэл гүйцэтгэх гэрээтэй.
- Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган хүний замыг есдүгээр сарын 1-нээс өмнө шинэчилнэ.
- Геологийн төв лабораториос Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг чулуун болгох ажил есдүгээр сард дуусна.
- Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг аравдугаар сард дуусах гэрээтэй.
- Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрийн уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажил наймдугаар сард дуусна.
- Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын шинэчлэлтийг наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөжээ.
Нээлттэй тендерийн мэдээллээс шүүж үзвэл нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбай тус бүрийг тохижуулахад 2-6 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулах юм байна.
- Бага тойруугийн гудамжны урд хэсэг 3 тэрбум төгрөг /2025.05.15/
- Бага тойруугийн гудамжны хойд хэсэг 3.9 тэрбум төгрөг /2025.05.15/
- Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайвны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл) 1.2 тэрбум төгрөг /2025.02.17/
- Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хэсэг 2.3 тэрбум төгрөг /2025.02.19/
- Чингисийн өргөн чөлөө 4 дүгээр хэсэг 2.5 тэрбум төгрөг /2025.05.16/
- Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжны баруун тал 3.2 тэрбум төгрөг /2025.04.28/
- Их тойруугийн гудамжны хойд хэсэг 6.2 тэрбум төгрөг /2025.04.28/
- Их тойруугийн гудамжны урд хэсэг 5.5 тэрбум төгрөг /2025.04.28/.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!