“Монгол-Оросын иргэншил хоорондын харилцаа: түүхэн ба орчин үе” эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан үндэсний музейд өнөөдөр зохион байгууллаа.
Сүүлийн 400 орчим жилийн хугацаанд Орос-Монголын харилцаа үргэлжилсэн.
Хоёр орны харилцааг зөвхөн улс төр, эдийн засаг, аж ахуйн харилцаагаар хардаг байсан бол энэ удаагийн хэлэлцүүлгээр СОЁЛ ИРГЭНШИЛ-ийн харилцааг тодотгож байгаагаар онцлог.
Хэрэв хоёр орны түүхийн мөн чанар, иргэншил, соёл хоорондын харилцааг олж харъя гэвэл соёлын хүчин зүйл болон угсаатны нөлөөг судлах шаардлагатай гэдгийг Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлж байлаа.
Түүнчлэн энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцогч ОХУ-ын ШУА-ийн Хятад, орчин үеийн Азийн хүрээлэнгийн Монгол судлалын секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, улс төрийн ухааны доктор А.С.Железняков хэлэхдээ "Хуучин Монголыг бүдүүлэг нүүдэлчид, соёл иргэншилт улсуудын гадна талд байдаг зах хязгаар гэж үздэг байсан.
Өөрөөр хэлбэл Монголын үүргийг үгүйсгэдэг байжээ. Гэтэл Европт Ромын эзэнт гүрэн гэж байсантай адил монголчууд ч дэлхийд өөрсдийн нөлөөг үзүүлсэн ард түмэн. Дэлхийд өөрсдийгөө батлан харуулсан гэсэн үг.
Монгол соёл иргэншил зөвхөн улсын хилээр хязгаарлагдахгүй.
Монгол соёл иргэншил гэдэг чинь дэлхийн соёл иргэншил гэсэн үг. Яагаад гэвэл дэлхийн соёл иргэншлийн цөм нь Монголд байдаг" гэдгийг хэлж байлаа.
Монгол-Орос хоёр орны харилцаа ба түүхэн ач холбогдлын талаар Академич С.Чулуун дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Орос-Монголын харилцаа 13 дугаар зуун буюу 1240-өөд оноос эхлэлтэй.
Үүний дараа Орос-Монголын элчийн харилцаа 17 дугаар зуунд эхэлсэн. Оросууд анх удаа элчээ 1616 онд одоогийн Монгол Улсын газар нутаг руу явуулж байсан.
1921 оноос хойш бүтэн 70 жилийн турш Орос-Монголын харилцаа үргэлжилсэн. Үүнээс үзэхэд сүүлийн 400 орчим жилийн хугацаанд Орос-Монголын харилцаа үргэлжилсэн байна. Хоёр орон
Хоёр улсын харилцааны гол хүчин зүйл болж буй Монгол хэлтэн төв нь Буриад, Тува, Халимаг улсууд.
17 дугаар зуунаас эхэлсэн харилцаанд монгол угсаатны бүлгэмүүдийн оролцоо, монголчуудад ямар нөлөө үзүүлснийг бодитоор хэлэлцэж байна. Энэ харилцаа нь Евразийн соёл иргэншлийн харилцааны гол жишээ тэр дундаа Монгол Улс Оросын бүс нутгийн харилцаанд том нөлөөг үзүүлсэн.
Орос улсад Алтан ордны улс 200 гаруй жил нөлөөгөө үзүүлснийг Оросын түүх бичлэгт саяхныг хүртэл Монголын байлдан дагуулал, түрэмгийлэл гэж үздэг байсан бол өнөөдөр түүхчдийн хандлага өөрчлөгдөж,монголчууд бүс нутагт соёл иргэншлийн цоо шинэ Дорно дахины давлагааг авчирсан гэж Монголын түүхийг өөрөөр харж бичих болсон.
Евразийн соёл иргэншлийн тойрогт цөм нь Монгол.
Монголын Алтан орд улс Оросын газар нутагт оршин тогтнож байхдаа Орос орныг Өрнө дахинтай холбосон. Монголчуудын нөлөө хожмын Орос улсыг бүрэлдэхэд томоохон үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч байгаа. 20 дугаар зуунд монголчуудыг Өрнө дахинтай харилцахад Оросын нөлөө үүргээ гүйцэтгэж, монголчууд Өрнийн соёлыг хүртэх боломжийг олгосон. Өрнийн шинжлэх ухааныг Орос орноор дамжуулж хүртсэн гэдгийг мартаж болохгүй" гэлээ.
Үргэлжлүүлэн "Бид өмнөд хөрш буюу Өвөр Монгол, Төвөд, Шинжааны бүс нутагтай харилцаа үүсгэдэг мөртлөө умард хэсгээ орхичихдог.
Энэ том соёл иргэншил буюу Евразийн тойрог доторх цөм нь Монгол.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!