Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний хагаст Монгол улс ОХУ-ын хоёр дахь том цахилгаан эрчим хүч импортлогч болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2025 оны эхний зургаан сарын хугацаанд ОХУ-аас Хятад улсад нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний хэмжээ түүхэн доод хэмжээндээ хүрч буурсан тухай Коммерсант сонин өчигдөр тус улсын төрийн өмчит оператор “Интер-РАО” компанийн тоо баримт дээр үндэслэн мэдээлжээ.

Тухайлбал энэ оны эхний хагаст Хятадын зах зээлд экспортолсон цахилгаан эрчим хүчний хэмжээ жилийн өмнөх мөн үеэс 60 хувиар буурч, 200 сая кВт/цаг хүрсэн байна.

2024 оны эхний хагаст 465 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 76 хувиар буурсан үзүүлэлт байжээ.

Харьцуулбал 2010-2020 онуудад ОХУ-аас Хятад улсад жил бүр дунджаар 3 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч экспортолж байсан байна.

Ингэж огцом буурах болсон шалтгаан нь Оросын зүүн бүсийн эрчим хүчний үйлдвэрлэл багассантай холбоотой гэнэ.

Энэ оны эхний хагаст ОХУ-ын цахилгаан эрчим хүчний хамгийн том импортлогч нь Казахстан улс байжээ. Тус улс өөрийн нийт хэрэгцээний 2.3 хувьтай тэнцэх буюу 1.4 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч ОХУ-аас импортолсон байна.

Харин 500 сая кВт/цаг эрчим хүч импортолсон Монгол улс хоёрдугаарт жагсжээ.

Монгол улсын хувьд дотоод хэрэгцээнийхээ 16 хувийг ОХУ-аас импортолсон байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ оны бүтэн дүнгээр ОХУ-ын цахилгаан эрчим хүчний нийт экспортын хэмжээ 8 орчим хувиар буурах төлөвтэй байгаа гэнэ.

Энэ нь Алс Дорнод дахь хомсдолын улмаас Хятадын экспортыг өсгөж чадахгүй болсон, Казахстаны дамжуулах шугамын багтаамж хязгаартаа тулсан зэрэгтэй холбоотой ажээ.

2024 онд Оросын цахилгаан эрчим хүчний экспортын нийт хэмжээ 8.53 тэрбум кВт/цаг байсан нь өмнөх жилээсээ 17.6 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

Үүний 54 хувийг Казахстан улсад экспортолжээ. Хятадын экспорт буурсны улмаас тус улс 2023 оноос хойш Оросын хамгийн том гадаад зах зээл болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Коммерсант