Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Омни Эрдэнэт Майнерс” багийн туслах дасгалжуулагчаар З.Анар ажиллана

ikon.mn
2025 оны 8 сарын 14
Сурталчилгаа
зураг
 

Монголын сагсан бөмбөгийн “Омни Эрдэнэт Майнерс” баг стратегийн шинэчлэлийн хүрээнд багийн шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж байна.

Багийн ерөнхий дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт ажиллахаар болсон бол туслах дасгалжуулагчаар З.Анарыг томиллоо.

Дасгалжуулагч З.Анар нь “Омни Эрдэнэт Майнерс”-т 2019 оноос хойш хүчин зүтгэж буй бөгөөд фенүүдийн зүгээс түүнийг багийг өнөөдрийн амжилтад хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үздэг.

Тэрээр Олон улсын харилцааны мэргэжлийн давуу талаа ашиглан гадаад тамирчин, дасгалжуулагч зуучлах, багийн гадаад харилцааг хариуцах зэрэг чухал ажлыг амжилттай гүйцэтгэж иржээ.

Энэ хүрээнд тэрээр өдгөө Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн алба хашиж буй Василис Фрагкиасыг “Омни Эрдэнэт Майнерс” -т урьж авчирч байсан юм.

Улмаар уг дасгалжуулагчийн орчуулагч, туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан 2022–2023 оны улиралд баг лигийн аварга болж байжээ. 

Дасгалжуулагч Б.Анарын хувьд Василис Фрагкиастай хамтарч ажилласан гурван жилийн хугацаа маш ихийг сурч, мэргэжлийн ур чадвараа сайжруулж чадсан он жилүүд байсан тухай бидэнтэй хуваалцсан юм.

З.Анар:
“Манай баг шинэ улирлыг цоо шинэ бүрэлдэхүүнтэй эхлүүлж байна. Тэгэхээр миний хувьд энэ улиралд багийн гишүүдийг нэгтгэж, нэг баг болгоход илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.”

З.Анарын багийн дотоод уур амьсгалыг сайжруулах арга барил, олон улсын түвшний туршлага, анализ дээр суурилсан стратеги нь “Омни Эрдэнэт Майнерс”-ын шинэ улирлын амжилтад чухал түлхэц болох нь дамжиггүй.

Шинэ бүрэлдэхүүн, шинэ хандлага, шинэ эрч хүчтэйгээр улирлаа эхлүүлж буй багийн өмнө сонирхолтой сорилт, цоо шинэ түүхийн хуудас хүлээж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.