Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асны авлигад авсан гэгдэх $40,000-ын үнэтэй бугуйн цагны хэргийг шалгаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн орой тусгай прокурорын багийн хүсэлтээр Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хийг баривчлан хорих шийдвэрийг Сөүлийн шүүх гаргасан билээ.

Түүний үнэт цаасны хууль бус арилжаа явуулсан, авлига авсан зэрэг хэргийг шалгах ажлын хүрээнд нотлох баримт устгахаас сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гарсан юм.

Өчигдөр буюу Лхагва гарагт түүнтэй хоёр цаг гаруй хугацаанд уулзсаныхаа дараа өмгөөлөгч нар нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Хоригдсон цагаасаа хойш ганц ч удаа хоол идээгүй тэргүүн хатагтай асны эрүүл мэндэд санаа зовж байгаагаа тэд энэ үеэр илэрхийлжээ.

Өнөөдөр прокурорууд Ким Кон Хийг баривчлагдсанаас нь хойш анх удаа байцаах гэж байна.

Эхний байцаалт түүний бусдаас авлигад авсан гэгдэж буй бугуйн цагтай холбоотой байх гэнэ.

2022 оны есдүгээр сард буюу ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг тангараг өргөснөөс хойш дөрвөн сарын дараа Со гэх овогтой нэг бизнесмэн Vacheron Constantin брэндийн “Historiques American 1921” нэртэй бугуйн цагийг Кимд худалдан авч өгсөн юм байна.

Уг цагны үндсэн үнэ 54 сая вон ($39,000) боловч Со түүнд хөнгөлөлттэй үнээр буюу 35 саяар худалдан авч өгч байжээ.

Согийн бугуйдаа зүүсэн Patek Philippe брэндийн цагийг харсан Ким Кон Хи “Гадаад явахад надад ийм цаг хэрэг болдог. Энэ цаг ямар үнэтэй вэ?” хэмээн асууж байсан гэнэ.

Хариуд нь Со өөрийгөө Vacheron Constantin брэндийн дэлгүүрийн VIP үйлчлүүлэгч тул хямдралтай үнээр авч өгч чадахаа амлаж байжээ.

Гэхдээ Ким хатагтай цагны хямдралтай үнийн ердөө 15 хувь буюу 5 сая воныг Сод төлж байсныг прокурорууд олж тогтоосон байна.

Удалгүй Согийн компани ерөнхийлөгч Юн Сүк Ёлын тамгын газарт харуул хамгаалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг засгийн газартай байгуулж байжээ.

Энэ бол 52 настай тэргүүн хатагтай асны бусдаас авлигад авсан байж болзошгүй үнэт эдлэлүүдийн зөвхөн нэг нь юм байна.

2022 онд Мадрид хотод болсон НАТО-гийн чуулганд нөхрийн хамт оролцохдоо тэр Van Cleef & Arpels брэндийн “Цасан ширхэг” нэртэй үнэт чулуун гоёлыг зүүж байжээ.

Ким үүнийгээ олон жилийн өмнө Хонконгоос авсан хуурамч эдлэл гэж мэдүүлсэн байна. Гэвч прокурорын баг уг зүүлтийг авлига болгож өгснөө хүлээсэн бас нэг бизнесмэнийг илрүүлжээ.

Энэ зүүлттэй холбоотой нотлох баримт тэргүүн хатагтай асныг баривчлах шүүхийн шийдвэр гарахад чухал нөлөө үзүүлснийг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press