Өнгөрсөн онд Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц дээр хиймэл оюун ухаанд суурилсан 2,606 хяналтын камерыг суурилуулаад буй. Ингэснээр авто замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч нарыг илрүүлж, сануулах мэссэж илгээж байгаа ч зарим нь алдаатай аж. Энэ тохиолдолд алдааг засдаг болж байгаа тухай мэдээллээ.
ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг "Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад суурилуулсан хиймэл оюун ухаанд суурилсан 2,606 камерыг байршуулсан. 2025 оны хоёрдугаар сарын 5-наас эдгээр камерыг турших ажил эхэлж, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын гар утсанд сануулах мэссэжийг илгээж байгаа юм.
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар 10 хүртэлх зөрчлийг илрүүлэх боломжтой. Өнөөгийн байдлаар замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ байр буруу эзлэх, гэрэл дохио зөрчих, зогсох шугам давах гэсэн гурван төрлийн зөрчлийг илрүүлдэг.
Иргэдийн зүгээс автомашин зогсоолоос гарч, замын хөдөлгөөнд оролцоогүй байхад сануулах мэссэж ирж байна гэж ЗХУТ-д ихээр ханддаг. Иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд засдаг болгож, системийг сайжруулж байна. Сайжруулалтын тухай танилцуулахад иргэн очсон сануулах мэссэжийг хүлээж аваад линк дээр дарахаар санал хүсэлтийн цонх гарч ирнэ. Тухайн машин өөрийнх нь биш бол "Санал хүсэлт" цонхны тайлбар хэсгийг сонгож, энэ тухай мэдээллээ бичиж илгээнэ. Ингэснээр ЗХУТ-өөс иргэний мэдээллийг шалгаж, зөв мэдээллийг хүргэх юм.
Монгол Улсын тээврийн хэрэгслийн улсын дугаарын стандарт MNS 4410-1:2002. Иргэд тээврийн хэрэгсэлдээ стандартын бус улсын дугаар ашиглаж байгаагаас хиймэл оюун ухаанд суурилсан камерын систем буруу таних тохиолдол гарч байгаа. Жишээлбэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын Л үсгийг Д гэж таних тохиолдол гарсан. Хиймэл оюун ухаанд суурилсан камерын систем нь өнгө, дугаар, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгч, зөрчлийг таних үүрэгтэй.
Өмнө нь уг систем тээврийн хэрэгслийг улсын дугаараар таньж, мэдээллийг иргэнд илгээдэг байсан бол одоо Бүртгэлийн газраас улсын дугаар, тээврийн хэрэгслийн өнгө, аль оронд үйлдвэрлэснийг зөв таньж байгааг эсэхийг шалгаж, зөв мэдээллийг тээврийн хэрэгслийн жолоочид илгээх юм. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногоос тээврийн хэрэгслийн жолоочид зөв мэдээллийг өгөх үйлчилгээ нэвтэрнэ.
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар зөрчил гаргасан жолоочийг илрүүлж, торгохдоо гол нь бус тэдэнд замын хөдөлгөөний дүрмийг сахиулж, түгжрэлийг бууруулах зорилготой юм" гэж тайлбарлав.
2025 оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хиймэл оюун ухаанд суурилсан камерын системээр 22 сая зөрчлийг илрүүлж, иргэдэд сануулах мэссэжийг илгээжээ. Өдөрт дунджаар 250,000-300,000 зөрчлийг илрүүлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!