Нийслэлийн хэмжээнд хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх хяналт шалгалтын талаар мэргэжлийн байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ.
Энэ жил наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоод болон зарим албан бус товчоодод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Экологийн цагдаагийн албанаас энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 58 удаагийн үйлдлээр 168 ширхэг нойтон тарвагыг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Хууль бусаар элбэг тархацтай амьтныг зөөвөрлөх, хадгалах, тээвэрлэх зөрчилд Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн 24-р бүлгийн 5 дугаар зүйлд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт элбэг тархацтай амьтныг агнасан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэмцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жилийн зорчих эрхийг хязгаарлах, мөн 1-5 жилийн хорих ялтай байдаг аж. Мөн Зөрчлийн тухай хуулиар амьтны аймагт учирсан хохирлыг хоёр дахин нугалж төлүүлдэг байна.
Нийслэлийн байгаль орчны газраас 2025 оны эхний зургаан сард Улаанбаатар хотын найман шалган бүртгэх товчоо болон алслагдсан ногоон бүсүүдэд хийсэн хяналт шалгалтад 96 иргэн хамрагдаж 216 тарвага, нэг саарал чоно, хоёр үнэг, нэг зэрлэг гахай, 178 ширхэг загас тэдгээрийн гаралтай эд эрхтнийг хадгалж, хориглосон хугацаанд агнаж суурьшлын бүсэд тээвэрлэн худалдсан худалдан авсан зөрчил илэрсэн байна.
Тус зөрчлүүдэд 26,100,000 төгрөгийн торгууль, 121,860,000 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!