Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Литва улс хүүхдүүдийг дрон угсрах, удирдах арга техникт сургаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Балтийн тэнгисийн жижиг улс Литва хөрш Оросын зүгээс ирж болзошгүй аюул заналаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд сургуулийн сурагчдыг нисгэгчгүй онгоц угсрах, удирдах арга техникт сургаж эхэлжээ.

Тус улсын батлан хамгаалах болон боловсролын яамны хамтран хэрэгжүүлэх “иргэний хамгаалалтын өргөтгөсөн хөтөлбөрт” ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг оролцуулан нийт 22,000 гаруй хүнд ийм чадвар эзэмшүүлэхээр төлөвлөснийг Мягмар гарагт зарласан байна.

Уг хөтөлбөрийн агуулга нас насны ангилалд ялгаатай байх гэнэ.

Тухайлбал 8-10 насны гурав, дөрөвдүгээр ангийн сурагчдад энгийн дрон бүтээх, жолоодох аргыг заахаар болжээ.

Харин ахлах ангийн сурагчид дроны эд ангиудыг зохион бүтээх, үйлдвэрлэх, илүү өндөр хүчин чадалтай дронуудыг удирдах аргад суралцах гэнэ.

2.8 сая хүн амтай Литва улс нь хөрш Латви, Эстони улсуудын нэгэн адил Украины дайн эхэлснээс хойш аюулгүй байдалдаа онцгой анхаарах болсон юм.

Тус улс нэг талаараа Оросын газар нутгийн нэг хэсэг болох Калининград мужтай, нөгөө талаараа Оросын холбоотон Беларусь улстай хил залгадаг.

Өчигдөр буюу Лхагва гарагт Эстони улсын засгийн газар дотоод хэрэгт нь оролцсон үндэслэлээр Оросын нэг дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм.

“Холбогдсон дипломатч нь Эстонийн үндсэн хууль, эрх зүйн тогтолцоог сүйтгэх зорилготой ажиллагаанд шууд бөгөөд идэвхтэй оролцсон” гэж тус улсын гадаад хэргийн сайд Маргус Цахкна мэдэгджээ.

Литва улсын засгийн газар нисгэгчгүй онгоцны тоног төхөөрөмж, видео дүрс дамжуулах систем, программ хангамж, сургалтын техник зэрэгт 3.3 сая евро зарцуулахаар төлөвлөсөн байна.

“Бид 2028 он гэхэд 15,500 насанд хүрэгч, 7,000 хүүхдэд нисгэгчгүй онгоц удирдах чадвар эзэмшүүлэх төлөвлөгөөтэй байна. Есдүгээр сард бид Ионава, Таураге, Кедайняй хотуудад дрон удирдлагын төвүүдийг нээж, Литвийн бусад бүс нутагт зургаан сургалтын төв нээх болно” гэж батлан хамгаалахын сайд Довиле Шакалене хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian