Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзан, хоёр Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.
Уулзалтаар талууд ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар гурван талт уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах тухай ярилцлаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хариуцсан гурван улсын төлөөлөл биечлэн уулзаж, ярилцах нь зөв гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон бөгөөд үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар талууд санал солилцлоо.
Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын экспо” V дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого баримтлах, харилцан тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын зүгээс анхаарч, хамтран ажиллах, Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хил орчмын аялал жуулчлал, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд санал солилцлоо.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар Сайдын Мэдээлэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!